Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Хэнтий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, баруун болон говийн нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 15-20 градус, говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар,10-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11,12-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхой багт амбаар, хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 17:43 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 20:45 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Буян-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ Сүхбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамд 44-33 СҮА улсын дугаартай “Тоёота Клугер” загварын суудлын автомашин, 27-38 ХЭҮ улсын дугаартай “Портер”загварын ачааны автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.07-ны өдрийн 20:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Х /76 настай, эмэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР