Н.Энхбат: Хүний амь нас аврах шиг сайхан зүйл байхгүй

0

“Онцгой мэдээ” сонины “Аврагчийн хөрөг” булангийнхаа энэ удаагийн зочноор Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Н.Энхбатыг урилаа.

-Ажил амьдралын гараагаа эхэлсэн цаг мөч хүний дурсамжинд үүрд үлддэг шиг санагддаг. Тийм болохоор тэр үеийн дурсамжаар тань ярилцлагаа эхлэе?

-Би 1994 онд цэргийн алба хааж ирээд бусдын жишгээр наймаа эрхлэх санаатай арьс шир худалдан авах, борлуулах ажил хийж байсан юм. Тэгсэн нь “Шүр” захын хажууд байрлах аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэст ажилтан шалгаруулж авч байна гэхээр нь очоод шалгуултал тэнцчихсэн. Ингээд л 1996 онд ахлах дэслэгч Дэмбэрэл даргатай гуравдугаар салаанд гал сөнөөгчөөр томилогдон орж байлаа даа. Одоо энэ албандаа 21 дэх жилдээ зүтгэж байна. Ажилдаа үнэхээр дуртай.

-Ажил албаа сайн гүйцэтгэхэд сайн ар тал зайлшгүй дэм болдог гэдэг. Айл гэрийн тань ар талыг дааж явдаг гэр бүлээ танилцуулахгүй юү?

-Тийм шүү. Онцгой байдлын албан хаагч миний ажлыг гэр бүлийн хүн маань маш сайн ойлгодог. Ханьдаа маш их баярлаж явдаг шүү. Миний ханийг Н.Ганзул гэдэг. Хэрлэн сумын 8-р цэцэрлэгт ажилладаг. Бид хүү, охин хоёртой. Хүү маань аавынхаа ажил мэргэжлийг өвлөхөөр одоо ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд сурч байгаа. Охин маань дунд сургуульд сурдаг.

-Дорнод аймгийн хувьд хээрийн түймэр ихтэй. Олон хоногоор үүрэг гүйцэтгэх тохиолдол олон. Хэцүү санагдаж, албанаасаа шантрах үе гарч байв уу?

-Шантарч байгаагүй ээ. Гэхдээ анх ажилд ороод удаагүй байхад айлын жижиг ТҮЦ шатаж байгаа дуудлагаар анхныхаа үүргийг гүйцэтгэхээр явсан юм. Тэгэхэд намайг КИП-8 гэж ХХУХБаг өмсгөөд гал унтраа гээд шууд түлхээд оруулчихсан. Анх удаа ийм зүйл үзэж байгаа болохоор миний хувьд галаа олсон ч юмуу, үгүй ч юмуу бүү мэд таамгаар баахан ус цацаж байгаад л гарч ирсэн.
Туршлагагүйтээд утаа залгиад, нус нулимстайгаа хутгалдаад хэцүү байж билээ. Тэгэхэд би ямар ажилд орчихов оо гэж бодож байсан шүү. Гэхдээ бидний ажил хүнд хэцүү гэхээсээ илүүтэй хүний амь нас аварч, хүнд буян хийдэг сайхан ажил. Гарсан галыг унтраачихаад хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалчихаад байж байх шиг сайхан зүйл гэж байхгүй.
Иргэд хожуу дуудлага өгснөөс болж шатаж дууссаны дараа очиход харамсалтай дүр зураг харагддаг. Энэ үед бас хүнд. Гэхдээ манай алба өөрөө сэтгэл зүйн өндөр тэсвэр тэвчээр шаарддаг учир аливаа зүйлийг даваад л гардаг. Өөрийн чинь хэлдгээр манай аймгийн хувьд газарзүйн онцлогтой. Аймгийн төвөөсөө дөрвөн тал руугаа тэлсэн тал хээрийн бүсэд өвс, ургамал ихтэй. Түймэр гарлаа гэхэд салхи ихтэй үед тархац хурдан. Мөн хилийн цаанаас алдсан түймэр маг их орж ирдэг гэх мэтчилэн тоочвол их зүйл бий. Обьектын түймэр ч их гарна. Гэхдээ энэ бүхэн бидний хийх ёстой ажил болохоор бэрхшээл гэж боддоггүй ээ.

-Тэгвэл сэтгэлээс гардаггүй дуудлага бий л биз дээ?

-Хэдэн жилийн өмнө Хэрлэн сумын хоёрдугаар багт нэлээд том хэмжээний өвөл, зуны байшин шатаж байна гэсэн дуудлагаар ажилласан юм. Дотроо шатахуунтай байгаад дэлбэрсэн томоохон гал байлаа. Дотогшоо ороод үзэхэд утаа ихтэй, галын голомт олддоггүй. Буцаад гараад ирсэн чинь миний араас орсон гал сөнөөгч Отгонбаатар гэдэг залуу гарч ирээгүй удсан байсан. Буцаж ороод хайтал хувцас нь юманд хавчуулагдаад хөдөлж чадахгүй, угаартсан байдалтай байж байсан. Ганцаараа гаргах гээд чадалгүй нэмэлт хүч дуудаж байж гаргасан. Тухайн үед шууд эмнэлэг рүү аваад явсан ч бидний хувьд нас барчихлаа л гэж бодож байсан. Аз болоход амьд үлдсэн.
Аав, ээжийг нь сайн таньдаг сайхан дүү минь юм л даа. Хүүгийнх нь амь насыг аварсанд тэд минь надад одоо ч талархаж байдаг. Цуг мөр зэрэгцэн алхах нөхрийнхөө амийг аварсан тэр үе минь одоо болтол мартагддаггүй дурсамж болон үлдэж дээ. Ер нь иймэрхүү том хэмжээний гал түймэрт олон ч ажиллаж дээ.

-Одоо олон жил ажилласан туршлагатай хүний хувьд залуустаа хэр зааж сургаж байна даа?

-Би олон жил ажилласан гээд зааж сургаад, зааварлаад, гайхуулаад сүйд болдоггүй ч гэсэн миний тусламж шаардлагатай байгаа газар бэлэн байхыг боддог. Дээр хэлсэнчлэн том хэмжээний гал түймэрт ажиллаж байсан алдаа оноотой зүйлийг сургамж болгон дүү нартаа хэлж, ярихыг хичээдэг. Ажлын онцлогоос болоод шинээр ажилд орж байгаа гал сөнөөгч, аврагчид эхэндээ хэцүү зүйлийг их үзэж хардаг.
Зарим нь сэтгэлзүйн цочиролд орох үе ч бий. Тиймээс залуустаа сэтгэлийн хаттай байхыг л захидаг даа.

ССУСАХ мэргэжилтэн,
дэслэгч Р.Отгонцэцэг