Албаны хэмжээнд сахилга, хариуцлагыг дээшлүүлэн ажиллахыг Шадар сайд үүрэг болголоо

0

0049

Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Онцгой байдлын албаны удирдах ажилтны 2014 оны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын 104 удирдах ажилтан оролцож байна.
Онцгой байдлын албаны хувьд 2013 онд албаны чадавхаа бэхжүүлэхэд анхаарсан, техник тоног төхөөрөмж, аврагчдын хувцас, багаж хэрэгсэлд шинэчлэл хийсэн, албаны бэлтгэл, бэлэн байдалдаа дэвшил гаргасан жил байлаа.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 4460 гаруй удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, улмаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмчид 21,9  тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
– Онцгой байдлын албаны албан хаагчид 2013 онд дээрхи аюулт үзэгдэл, ослоос 2032 хүний амь нас, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 25,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж аварсан хүний тоо өмнөх онтой харьцуулахад 2,5 дахин өссөн байна. Засгийн газраас ч Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын хүнд хүчир ажил, хөдөлмөрийг өндрөөр үнэлж 334 албан хаагчийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулжээ.
0045
Онцгой байдлын албаны хэмжээнд автомашин, аврах багаж техник хэрэгслийн парк шинэчлэл өмнөх онтой харьцуулахад 11 хувиар өсч, 2013-2017 он хүртэл аврах албаны машин техник, тоног төхөөрөмжийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд үе шаттай шинэчлэхээр ажиллаж байна.
– Монгол Улсын Засгийн газраас Онцгой байдлын албаны техникийн чадавхийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, аврах, гал унтраах техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр хангах асуудалд анхаарал тавьж 2013 онд 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталсан юм.
– Онцгой байдлын албаны хэмжээнд автомашин, техник хэрэгслийн парк шинэчлэл өмнөх онтой харьцуулахад 11 хувиар өссөн байна. Жишээ нь ОХУ, БНХАУ, Япон улсад үйлдвэрлэсэн галын үндсэн албаны автомашин, аврах ажлын бүрэн тоноглолтой автомашин, ковшоос гадна анх удаа газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завиар хангагдлаа.
– 2013 онд Онцгой байдлын албаны аврагчдын тусгай зориулалтын багаж тоног төхөөрөмж, хувцас  хэрэглэлд үндэсний стандартыг батлуулснаар аврагчдын аюулгүй байдал, амь насны баталгааг хангах нөхцөл бүрдээд байгаа юм.
– Япон Улсын Засгийн газраас 14.2 тэрбум төгрөгийн өртөгтэй галын 22 автомашиныг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгч, нийслэлийн хүрээний аврах, гал унтраах ангиудын автомашин 100 хувь шинэчлэгдэв.
– Монгол Улсын Засгийн газрын 11,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах төсөл”-ийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийг шинээр байгууллаа. Монгол Улс Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй болсноор газар хөдлөлт төдийгүй байгалийн гамшиг, болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьтан иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг  шууд дамжуулан хүргэх боломж бүрдлээ.
Онцгой байдлын албанаас хийж хэрэгжүүлж буй арга, хэмжээ шинэчлэл, өөрчлөлтийн талаар ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж үндсэн илтгэлийг тавьсан юм.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2014 онд “Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлж, гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх” зорилтыг Онцгой байдлын албаны хэмжээнд дэвшүүлээд байна.
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Онцгой байдлын албаны удирдах ажилтны зөвлөгөөний нээлтэд оролцож хэлсэн үгэндээ, 2014 оныг Онцгой байдлын албаны хэмжээнд өөр, өөрийн удирдаж байгаа нэгж, салбар дээр албаны  сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил болгон ажиллахыг нийт удирдах ажилтнуудад үүрэг болголоо. Мөн иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, ажлын цаг ашиглалтыг дээшлүүлэн ажиллах, ажлын байр, хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг шуурхай барагдуулдаг, хариу өгдөг, түргэн шуурхай шийдвэрлэдэг байхыг үүрэг болголоо.
2014 оны 06 дугаар сард Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 10 жилийн ой тохиох бөгөөд олон шинэлэг томоохон ажлуудыг хийж бүтээхээр төлөвлөж байна.