Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөднийгөөр 5-10 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 11-16,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст, 21, 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орно. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20, 21-нд говь талын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар 18-20 м/с, зарим үед  түр зуур 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 07:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 07:20 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 09:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 09:13 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.17–ны өдрийн 13:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 6 км зам туулан 13:22 цагт очиж, 38 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /“Ялалт”-ын гүүрээс зүүн зүгт 25 км-т/ “Хорин найм” гэдэг газар тус сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд ороод алга болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, ар гэрийнх нь 10 хүн, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.17-ны өдрийн байдлаар осолдсон газраас “Хэрлэн” голын урсгал дагуу 7 км зайд 4 удаа самналт, 4 удаа гүний шумбалт хийж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт зогсоож, 09.18-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Бусад: Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхт багийн “Ачмаг нуур”  гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ иргэн М-ийн эзэмшлийн “Портер” загварын автомашин усанд суусан тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 11:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 13:30 цагт очиж, 20 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны орцны тавцан дээр хүн унасан тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 15:47 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 5 км зам туулан 16:00 цагт очиж, 15 минут ажиллаж, тус орцны 8 дугаар давхраас иргэн Б /54 настай, эрэгтэй/ орцны тавцан дээр унаж 2 өвдөг нь хугарсан байсныг буулган, анхны тусламж үзүүлж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР