“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал-2017”-д оролцов

0

Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Онцгой байдлын яам болон Япон Улсын Төрийн сайд нарын танхимтай хамтран 2017 оны 10 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан Улсын нийслэл Баку хотноо зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал-2017”-д Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал оролцоод ирлээ.

Азийн Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дарга Масанори Хамада уг хурлыг хоёр өдрийн турш хамтран зохион байгуулсанд Азербайжаны Онцгой байдлын яаманд талархал илэрхийлж, сүүлийн жилүүдэд Ази тив нь байгалийн гамшигт ихээр нэрвэгдэж байгаатай холбогдуулан Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөг дараагийн 20 жилийн туршид хэрэгжүүлэх шаардлагатайг хурлын үеэр цохон тэмдэглэсэн байна.

Хурлын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн төлөвлөгөө, томоохон хэмжээний гамшгийг даван туулах, үр дүнтэй хариу арга хэмжээ авах болон гамшгийн эрсдэлийг бууруулах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг хялбаршуулах дэвшилтэт технологи гэсэн сэдвүүдийг хэлэлцлээ.

Хошууч генерал Т.Бадрал бага хурлаас гадна Азийн Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны удирдах зөвлөлийн хуралд оролцож Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал бодлоо солилцов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.