Хамтарсан зохицуулах хорооны долдугаар хуралдаан боллоо

0

 Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хамтарсан зохицуулах хорооны долдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

  Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, “Жайка”-ын Хүрээлэн буй орчны газрын Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга Ко Гото нар оролцож, үг хэлсэн юм.

  Бригадын генерал Г.Ариунбуян “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хамтран  хэрэгжүүлээд  хоёр жил гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах Япон улсын туршлагаас суралцаж, сайн туршлагыг өөрийн орны нөхцөлд тохируулан нэвтрүүлэх, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллалаа. Түүнчлэн төслийн хүрээнд барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийхэд болон төслийн хүрээнд төлөвлөгдсөн сургалтуудад ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийг ОБЕГ-т нийлүүлсэн. Мөн НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх тоног төхөөрөмжийг суурилуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна” хэмээн онцоллоо.

   Төслийн хүрээнд Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар, Гамшгийн мэдээллийн сан ашиглах заавар, гамшгаас хамгаалах чиглэлээр байгууллага хооронд санамж бичиг байгуулах, Инженерийн шугам сүлжээний газар хөдлөлт тэсвэржилтийн үнэлгээ хийх тухай барилгын норм, дүрэм, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах талаарх агуулгыг оруулах суралцахуйн удирдамж, Олон нийтийг гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөр зэргийг боловсруулаад байна.

 Мөн Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдал, түүний талаарх үнэлэлт, дүгнэлтийг бодит байр сууринаас тодорхой баримтад тулгуурлан олон нийтийн оролцоог хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор анх удаа гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг гаргасан юм.

    Хурлын төгсгөлд Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд байрлуулах газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх тоног төхөөрөмжийг суурилуулах бэлтгэл ажлын явцын талаар болон 2019 онд гаргах гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг боловсруулах ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.