Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

A- A A+

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх  тавдугаар сард Монгол орны нутгийн баруун болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд төвийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу, говийн зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна. 

Сарын эхэн үе буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун болон төвийн нутгаар сэрүүсэж бороо, нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар температур сэрүүсэж, цасан болон шороон шуургатай. Аажмаар дулаарч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр дулаарна. Сарын эхэн үеэр баруун аймгуудын нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөв гарчээ. 

Иймд нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын зөрөө (хэлбэлзэл) ихтэй байх ба малчид, тариаланчид мал төллөх, хаврын тариалалтын үеийн нэн шаардлагатай ажлуудыг эртнээс бэлтгэж, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн цаг агаарын богино хугацааны мэдээг өдөр тутам хүлээн авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэдэд анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завхан, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим , хур тунадас Завханы зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн орчим байна.

 Сарын эхэн буюу нэгдүгээр арав хоногийн эхээр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүсэж, ихэнх нутгаар нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Мөн нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн эхээр дахин сэрүүсэж нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур аажмаар дулаарч олон жилийн дунджаас дулаан байна. Арав хоногуудын эхэн үеүдээр болон сарын сүүлчээр ихэнх нутгаар бороо, нойтон цас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгийн нутаг, Архангайн ихэнх, Төвийн баруун хойд болон хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеэр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүсэх төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. .

Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 10-12 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын ихэнх, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр дулаарах төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээн, гуравдугаар арав хоногийн сүүлээр бага зэрэг сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун болон баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн ихэнх, Өмнөговийн зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн үед харьцангуй дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёр дугаар арав хоногийн сүүлээр агаарын температур харьцангуй сэрүүсэх төлөвтэй. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлээр бороо орох магадлалтай ба энэ үеэр салхины хурд 14-16 м/с хүрэх буюу зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №169

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, Newschannel, TV24 телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.

Гал сөнөөгчийн ажилд би, миний гавьяа гэж байдаггүй. Бидний гэдэг ганц ойлголттой

Онцгой байдлын 20 жилийн ойд зориулсан “Бүтэн байг” нэртэй дууны клип цацагдаад удаагүй ч гол дүрийн аврагч залуу олны анхаарлыг ихэд татаад буй. Түүнийг мэргэжлийн жүжигчин гэж эндүүрэх хүн ч цөөнгүй. Тиймээс Нематаймс булан энэ удаагийн дугаартаа нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Ж.Мөнхтулгыг танилцуулж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Архангай, Сэлэнгэ аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.