Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулганыг Төрийн ордны “Их танхим”-д зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Энэхүү чуулган эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, эх түүх, өв соёл, үндэсний бахархлыг сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол цэрэг эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг батлан хамгаалахын зэрэгцээ улс орныхоо нийгэм, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх, эрүүлийг хамгаалах гээд нийгмийн бүхий л салбарт хүчин зүтгэж, сорилт, бэрхшээл бүхнийг нуруундаа үүрч, даван туулж ирсэн. “Нандигнан дээдлэх үндэсний өв соёл, үнэт зүйл”, “Эрхэмлэн хамгаалах үндэсний эв нэгдэл”, “Үндэсний язгуур эрх ашиг-Аюулгүй байдал”, “Монгол хүн-Монголын баялаг”, “Ногоон хөгжил-Монголын ирээдүй” зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдээс гадна Монгол цэргийн нэгдсэн холбоо дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлье” гэсэн юм.

Чуулга уулзалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын гурван үеийн төлөөлөл болох 1500 орчим ажилтан, алба хаагч, ахмадууд оролцсон бөгөөд Онцгой байдлын байгууллагаас 80 орчим хүн хамрагдлаа.

Энэ үеэр “Эх хэл-Бичиг соёлын үнэ цэн”, “Уламжлал ёс, соёл урлагийн үнэ цэн”, “Хөдөлмөр бүтээлийн үнэ цэн” сэдвийн хүрээд илтгэл танилцуулж, урлагийн үзүүлбэрийг сонирхуулсан юм. Монгол цэргийн нэгдсэн холбоог монгол цэргийн дайчин уламжлал, алдар гавьяаг алдаршуулан мөнхжүүлэх, цэргийн албаны нэр хүнд, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг бэхжүүлэх, хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх зэрэг зорилгоор байгуулсан. Нийт 31 салбар холбоотой, 100 мянга гаруй гишүүн, дэмжигчтэй тус холбоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үндэсний эв нэгдэл, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн байна. Тухайлбал, “Хүн амын оюуны дархлааны асуудал”, “Үндэсний ой санамж”, “Эх оронч үзэл-Үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Бидний бахархал” төсөл, “Мянган мөрдэстэн”, “Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд оюутан залуусын ёс суртахууны манлайлал” зэрэг олон ажил зохион байгуулжээ.
Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагч, ахмадуудын эрх зүй, нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.



2024/04/26
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/04/26
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/04/26
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.