Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар нойтон цас орж, Төв аймгийн нутгаар шуурсан.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүртэл ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 8-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

 

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд дэлбэрэлт болсон тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3,5 км замыг туулан 10:09 цагт очиход тус төвийн Эрчимт эмчилгээний хүлээн авах тасгийн хүчилтөрөгчийн 40 литрийн баллон дэлбэрч 2 давхар барилгын 4х3 метрийн хэмжээтэй өрөөний ширээ, хана, тааз, 1 ба 2 давхрын вакум цонх хагарч эвдрэл үүссэн байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2,8 км замыг туулан 14:40 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Шар мод” гэдэг газар /сумын  төвөөс баруун зүгт 25 км-т/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч тус сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 15 алба хаагч 2 автомашинтай 25 км замыг туулан 16:23 цагт очиж, 0,5 га  талбайн өвс шатаж байсныг 02 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байшингийн дээврээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 10.05-ны 17:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2,5 км замыг туулан 17:24 цагт очиход тус дүүргийн харьяат иргэн Ж-гийн байрны цахилгааны утасны далд монтажинд богино холболт үүссэн байсан тул цахилгаан хуваарилагчийг салгаж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХКомпанийн жижүүрийн албанд дуудлага өгсөн.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 2 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 18:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 18:47 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшинд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 19:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2,5 км замыг туулан 19:28 цагт очиж, 2 давхар байшингийн 2 давхрын 5х4 метрийн хэмжээтэй өрөөнд будаа агшаагч шатаж байсныг 10 минут ажиллаж унтраан, тус дүүргийн харьяат иргэн О /50 настай, эрэгтэй/ угаартсан байсныг аюулгүй бүсэд гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 20:01 цагт очиж, 06 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны 23:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 23:58 цагт очиж, 10х18 метрийн хэмжээтэй байшингийн шалнаас уугилт явагдаж байсныг 52 минут ажиллаж  унтраасан.

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Хиаман цех” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 15 км-т/ Архангай аймгийн Хашаат сумаас Улаанбаатарын чиглэлд явж зорчиж явсан Архангай аймгийн Хашаат сумын харьяат иргэн Э-гийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн мэдээллийг 10.06-ны өдрийн 01:10 цагт хүлээн авч Баянхангай сумын нутгийн захиргааны байгууллагын 2 албан хаагч 1 автомашинтай 10 км замыг туулан 01:46 цагт очиход автомашин шатсан байсан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд айл шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 04:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 04:44 цагт очиж, иргэн Э-гийн үүдний амбаар шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд барилгын суурийн тогтмол усанд цогцос байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 18:53 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 8  км замыг туулан 19:16 цагт очиж, нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд цахилгаан шатанд хүн гацсан тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 14:27 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4,5  км замыг туулан 14:45 цагт очиж, тус байрны 10-11 давхрын дунд гацсан цахилгаан шатыг онгойлгон тус дүүргийн харьяат иргэн Б /33 настай, эмэгтэй/-г гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР