Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 10, 13-нд ихэнх нутгаар, 11-нд говь талын нутгаар, 12-нд нутгийн баруун хагаст түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Есөн-Эрдэнэ” захын /баруун урд талд/ түрээсийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 07:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км зам туулан 08:00 цагт очиж, 17 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ Ж /10 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/ нар “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 06.25-наас 07.09-ний өдрүүдэд, 07.21-нээс 07.23-ны өдрүүдэд, 07.31-нээс 08.03-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 2018.09.05-ны өдөр Бугат сумын “Буга” багийн “Шар нуур” гэдэг газар цогцос олдсон газрын орчим эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгнө үү гэсэн ар гэрийнх нь хүсэлт тавьсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, ар гэрийнх нь 4 хүн, нийт 10 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Цогцос таниулах ажиллагаа амжилтгүй болсон тул дээж авч ДНК-ийн шинжилгээнд оруулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 09.05-ны өдөр хүргүүлсэн. Тухайн газар оронд эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгнө үү гэсэн ар гэрийнх нь хүсэлтийн дагуу 09.07-ны өдөр тус аймгийн Бугат сумын “Буга” багийн “Шар нуур” гэдэг газраас /аймгийн төвөөс зүүн зүгт 30 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Алтанцөгц сумын “Баянбулаг” багийн “Хаш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 42 км, сумын төвөөс хойт зүгт 20 км/ хүртэл нийт 42 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.09-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР