Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 4-9 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор 4-9 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвтортой байна.

Төлөв байдал: 11, 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр  зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 13-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан багийн “Төв цэцэрлэгт хүрээлэн” гэдэг газар /сумын төв хэсэгт/ мод шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 13:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч 1 автомашинтай 1,5 км замыг туулан 13:40 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 14:53 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 15:05 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багт иргэн Н-ийн хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 15:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 15:40 цагт очиж, 25 минут  ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 20:18 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 20:31 цагт 30 минут ажиллаж унтраасан.

3.Үйлдвэрлэлийн осол:

Ил уурхайн осол: Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нурал болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдснаас 2 хүнийг эсэн мэнд гаргасан тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан. “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нарыг 16:05 цагт тус уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан. Нурангид дарагдсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, Булган аймгийн Хялганат сумын харьяат иргэн О /34 настай, эрэгтэй/, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн  “КАТ-374Д” загварын эксковатор, “КАТ-Д8Т” загварын бульдозерийг гаргахаар ажиллаж 03.02-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 19:04 цагт иргэн О-гийн цогцсыг, 03.03-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 13:32 цагт иргэн Г-гийн цогцсыг 5-6 метрийн гүнээс тус тус гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 03.03-ны өдөр 1200 м3 ус татах хүчин чадалтай 1 ширхэг, 350 м3  ус  татах хүчин чадалтай 1 ширхэг нийт 2 хөөрөг нэмж суурилуулсан. Эхний ээлжийн усны хөөрөг, усны хоолойн холболт (1200 метр) болон зам тавих, далан босгох ажиллагаа дуусгаж, нурангид дарагдсан бульдозерт 3 удаагийн холболтыг хийж татан гаргах ажиллагааг хийж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:40 цагт түр зогсоосон. 03.09-ний өдрийн 08:56 цагт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон нийт 26 алба хаагч, 5 автомашинтайгаар Үндэсний аврах бригадын байрлалд 16:03 цагт ирж, эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад Давтан сургалт, сэргээн заслын төвийн Сэтгэл зүйч-нийгмийн ажилтан, дэслэгч Ц.Энхтуяа сэтгэл заслын эмчилгээ хийсэн. Ослын голомтод 02.28-наас 03.09-ний хооронд нийт 7500 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 366660 м3 ус соруулан, 41526 м3 шороо тээвэрлэн, 9 аврагч 59 удаа шумбалт хийж, 1364 м2 талбайн зайрмагтсан мөсийг хагалж зөөвөрлөж ажилласан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 

Мөс цөмөрсөн: Хөвсгөл аймгийн Хатгал сумын Хатгал тосгоны “Ар хилт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 166 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 58 км-т, Ө-50046’47,4’’ У-100014’34,3’’/ Хөвсгөл нууранд автомашин цөмөрсөн гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 14:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 11 алба хаагч, тус тосгоны Цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч, ЗДТГ-ын 3 албан хаагч, нийт 16 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 166 км замыг туулан 19:03 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх, аврах ажиллагааг 19:28 цагт зогсоосон. 03:10-ны өдрийн 09:00 цагаас ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР