Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Орхон, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар хур тунадас орсон.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 градус, говийн бүс нутгйин өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орж, явган шуурга шуурна, салхи баруун хойноос 7-12 м/с, 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн зүүн хагаст 12-14 м/с хүрч ширүүснэ. 8,9-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст  багийн “Гүн гашуун” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т/ “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 21:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 25 км зам туулан 22:05 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Дэвшил”-ийн Задгайд 6х10 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 23:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  3 км зам туулан 23:39 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 12:29 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 12:35 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  12.5 км зам туулан 19:56 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 20:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  5 км зам туулан 20:32 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаан толгой багийн “Балчингийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 15 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 22:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 алба хаагч, 1автомашинтай 15 км зам туулан 23:05 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.

3.Цацраг, химийн бодисын осол:

Химийн бодисын осол – Мөнгөн усны осол: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт  ундны усны саванд 0.5 мг орчим мөнгөн ус байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Тагнуулын хэлтсийн 2 алба хаагч, Цагдаагийн газрын 3 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албаны 1 байцаагч, Мэргэжлийн хяналтын газрын 2 байчаагч, Баягаль орчин аялал жуулчлалын газрын 1 мэргэжилтэн, нийт 11 хүн, 5 автомашинтай ажиллаж мөнгөн усыг битүүмжлэн авч явсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дундговь аймгийн Адаацаг сумын Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Ц /75 настай, эрэгтэй/ аялалаар явж байхдаа сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 01:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 10.07-ны өдрийн 05:05 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Шаварт” гэдэг газар  /сумын төвөөс баруун зүгт 20 км/ тус сумын харьяат иргэн Э /46 настай, эрэгтэй/ суудлын автомашинтай  Сэлэнгэ голын усанд  живсэн тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 12:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 10.06-ны өдрийн 15:22 цагт цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багт тус сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд  10.05-ны өдөр живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 14:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг 10.06-ны өдрийн 15:00 цагаас эхлэн зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:25 цагт түр зогсоосон.

Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд зоорийн давхрын гражид ус зайлуулах сувгийн төмөр таганд иргэн Н /43 настай, эрэгтэй/ хөлөө хавчуулсан тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 22:04 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж 22:15 цагт төмөр таганд хавчуулсан иргэн Н-ийн хөлийг гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР