Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Баянхонгор, Увс аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 8-13 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Үдээс хойш дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 11,14-нд нутгийн зүүн хагаст, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно. Уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 11,14-нд говь талын нутгаар, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 мс хүрч ширүүснэ. 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 09:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 09:42 цагт очиж,  8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Хянгануур даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 75 км-т/ Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан иргэн А-гийн эзэмшлийн “Юд” загварын ачааны автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Юд” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 15:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 80 км замыг туулан 16:30 цагт очиж, Төв аймгийн Чандмань сумын харьяат иргэн А /38 настай, эрэгтэй/ эзэмшлийн “Юд” загварын ачааны автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Агт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт  100 км-т/ Хилийн “Хавирга” боомтоос Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан иргэн Г-гийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашинд зорчиж явсан тус аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн Э  /56 настай, эмэгтэй/ 09.09-ний өдрийн 20:00 цагийн орчим сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09.10-ны өдрийн 07:05 цагт тус сумын “Алт” гэдэг газар “Хавиргын боомт”-ын зам дагуух цайны газраас эсэн мэнд олсон.

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 15 давхар барилгын 13 дугаар давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 15:22 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 15:34 цагт очиж, тус байрны оршин суугч иргэн Х /26 настай, эмэгтэй/ цонхоор үсэрч амиа хорлох гэж байсныг барилгын дээвэр дээрээс аврах олсоор буун аюулгүй болгож цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР