Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос  6-11 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19-нд зарим газраар, 20-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 17:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 17:45 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 5 дугаар байрны гадаа зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 00:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 01:05 цагт очиж, иргэн З-гийн “Соната-6” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн  оршин суугч иргэн Б /30 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 08.12-ны өдрийн 09:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд хамтран ажиллана уу гэсэн хүсэлтийг тус сумын цагдаагийн хэлтсээс 08.15-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 14 алба хаагч, цагдаагийн хэлтсийн 23 алба хаагч, ар гэрийн 7 хүн, нийт 44 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр тус багийн Дууш, Алтан-Өлгий, Өлөнт, Тариатын бэл гэдэг газруудаар 4 хэсэгт хуваагдан нийт 78 км-т эрэн хайх ажиллагааг зохин байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 08.16-ны өдрийн 06:30 цагт үргэлжлүүлнэ.

Усны осол /эрэн хайх, аврах/: Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Баяртын-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ Өгий нууранд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн П /43 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 08.14-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Үндэсний аврах бригадын 8 алба хаагч, нийт 19 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.15-ны өдрийн 09:40 цагт иргэн П-гийн цогцсыг нуурын эргээс 12 метрийн зайнаас, 3 метрийн гүнээс олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 8 дугаар багийн “Далан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ “Хэрлэн” голд тус багийн харьяат Д /13 настай, эрэгтэй/ ороод живсэн тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 1 км зам туулан 18:33 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Ханангийн-Антен” гэдэг газар /сумын төвөөс  баруун хойд зүгт 55 км-т/ Ханбогд сумын  Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газраас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Х-гийн эзэмшлийн “Старикс” загварын суудлын автомашин шаварт суусан тухай  дуудлагыг 08.15-ны өдрийн 17:33 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 55 км зам туулан, 20:38 цагт очиж, 50 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР