Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 6-11 м/с. 24-26 градус дулаан байна

Төлөв байдал: 18-нд нутгийн зарим газраар, 19, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун, төв болон зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.   

 2.Гал  түймэр:

  Объектын түймэр: Орхон аймгийн  Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянтал хэсгийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн  дуудлагыг 07.17-ны өдрийн 23:35 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км замыг туулан 23:39 цагт очиж, 11 минут ажиллаж унтраасан. 

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн  Төмөр замын 18 дугаар зөрлөгт “Монгол зоог” цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 04:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 25 км замыг туулан 04:30 цагт очиж,  1 цаг 07 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Шарга морьт”-ын зусланд Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 18:10 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13 км замыг туулан 18:23 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан. 

3.Зам тээврийн осол: 

Автозамын осол:Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Шижирын даваа” /даваанаас баруун зүгт 20 км-т/ Чингэлтэй дүүргийн харъяат иргэн Б-ын  эзэмшлийн  “Тоёота хонтар” загварын бага оврын ачааны автомашин жалга руу унасан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 17:22 цагт  хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 17:25 цагт очиж, 42 минут ажиллан иргэн Б /60 настай, эрэгтэй/, иргэн П /60 настай, эрэгтэй/ нар автомашинаас шидэгдсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер:Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан.Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт  хүлээн авсан.  Онцгой байдлын  газрын 36 алба хаагч, 5 нэгж техник, 2 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 нэгж техник, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 нэгж техник, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газры 7 алба хаагч, 1 нэгж техник, Зэвсэгт хүчний 340 ангийн 23 алба хаагч, 5 нэгж техник, Хилийн 0165 дугаар ангийн 9 алба хаагч, 3 техник, Цагдаагийн газрын 15 алба хаагч, 4 нэгж техник, Өлгий сумын 28 хүн, 3 нэгж техник, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-иас 4 хүн, 2 нэгж техник, Зам засвар, арчилгааны “Жол” ХХК-иас 5 хүн, 3 нэгж техник, Мэргэжлийн хяналтын газрын 18 хүн, 2 техник, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 5 хүн, 1 нэгж техник, иргэдээс 18 хүн, 7 нэгж техник, нийт 12 байгууллагын 181 хүн, 38 нэгж техниктэйгээр гамшгийн голомтод байгаа 505 хүнийг татан гаргаж түр хорогдох байр /Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар бүрэн дунд сургуулийн дотуур байр, 4 дүгээр сургууль, Ховд их сургуулийн салбар сургууль, МСҮТөвийн дотуур байр, 7, 9, 10, 12 дугаар цэцэрлэг/-д байрлуулан. Мөн 182 айл өрхийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, Эрүүл мэндийн газраас үерт өртсөн  177 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн ба 1,2 км үерийн хамгаалалтын  далан босгож, үерт өртсөн айл өрхүүдийн судалгааг гаргах ажлыг зохион байгуулсан.

Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн “Өндөр довон” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 23км-т/07.16-ны өдрийн 19:30 цагт усархаг бороо орсны улмаас уруйн үерт тус сумын 6 айл өрхийн гэр усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 07:45 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 100 км замыг туулан 09:50 цагт очиж, 40 минут ажиллан үерт автсан 6 айл өрхийн 18 хүнийг аюулгүй газарт гаргаж тус сумын ЗДТГ-ын  дарга Б.Ганзоригт хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Ээж хайрхан”-ы 5 дугаар гудамж /Улиастайн гүүрээс 800 метр-т/Жалганд ухаан алдсан 60 орчим насны эрэгтэй хүн байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 13:25 цагт  хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 13:54 цагт очиж 25 минут ажиллан тус дүүргийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/ нас барсан байсныг гаргаж, цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Чулуутын-Ам”-нд 07.17-ны өдрийн 11:10-12:00 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үерт 2 том хүн, 4 хүүхэд боогдсон тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 15:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 15:36 цагт очиж, 8 минут ажиллан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат иргэн Б /58 настай, эмэгтэй/, иргэн А /36 настай, эрэгтэй/, Т /9 настай, эрэгтэй/, С /5 настай, эрэгтэй/, Б /4 настай, эрэгтэй/, Д /2 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гарган ээж Б-д хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын урд талд 3 хүүхэд үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 15:46 цагт  хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  5 км замыг туулан 15:59 цагт очиж, 11 минут ажиллан, Б /15 настай, эмэгтэй/, Э/14 настай, эмэгтэй/, Б /2 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гарган ээж А-д хүлээлгэн өгсөн. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорийн урд “Хөлийн гол”-д 07.17-ны өдрийн 11:10-12:00 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үерт  эрэгтэй хүний цогцос урсаж байна гэсэн дуудлагыг 17:06 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 17:17 цагт очиж, 30 минут ажиллан, тус дүүргийн харьяат иргэн Э/48 настай, эрэгтэй/ нас барсан байсныгг гаргаж, цогцсыг Цагдаагийн байгууллагад  шилжүүлэн өгсөн.

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тус дүүргийн харьяат иргэн Г-ын байшин үерийн усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 13:03 цагт  хүлээн авсан. Хонхор станцын урд “Хонхорын задгай” гэдэг газар /станцаас урд зүгт 2 км-т/Тус дүүргийн харьяат иргэн Г-ын байшин үерийн усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 13:03 цагт  хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 26 км замыг туулан 14:56 цагт очиж 55 минут ажиллан тус дүүргийн харьяат иргэн Г /57 настай, эрэгтэй/, иргэн Б /57 настай, эрэгтэй/, иргэн Б /51 настай, эрэгтэй/, иргэн О /48 настай, эмэгтэй/, иргэн Б/42 настай, эмэгтэй/, иргэн Э/28 настай, эрэгтэй/, Д /7 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газар гаргаж иргэн О /48 настай, эмэгтэй/-ийн 4 гэрийг уруйн үерийн усанд урсаж байсныг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.

 Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Хонхор өртөө”-нд 07.17-ны өдрийн 11:10-12:00 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үерт төмөр замын нүхэн гарцанд         3 автомашин боогдсон тухай дуудлагыг 13:55 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 14:05 цагт очиж, 1 цаг 10 минут ажиллан тус дүүргийн харьяат иргэн Б /48 настай, эрэгтэй/, иргэн Б /25 настай, эрэгтэй/, иргэн Э  /24 настай, эрэгтэй/, иргэн А /23 настай, эрэгтэй/ нарыг автомашины хамт аюулгүй газарт гаргасан. 

Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн төв 07.16-ны өдрийн 23:05-01:00 цагийн хооронд орсон борооны улмаас уруйн үер  бууж Жаргалант хорооллын 6 айл өрхийн гэр усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 3 алба хаагч, 1 автомашинтайгаар 0.5 км замыг туулан 23:05 цагт очиж 1 цаг ажиллан тус сумын харьяат  иргэн Ч /55 настай, эрэгтэй/, иргэн Б /54 настай, эрэгтэй/, иргэн Н /52 настай, эмэгтэй/, иргэн Ж /52 настай, эмэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/, С/8 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргасан.

Төв аймгийн Зуунмод 2,3,4,5,6  дугаар баг Тус сумын нутгаар 07.17-ны өдрийн 11:02-11:30 минутын хооронд  усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын замын ус зайлуулах суваг задарсан, авто зам 2 метр сэтэрсэн, гүүр үерийн усанд эвдрэл үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон,   24  айл өрхийн гэр, 70 хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын  газраас 12 алба хаагч, 3 автомашин, Хот тохижуулалтын  газраас 10 хүн, 2 техник, Эрүүл мэндийн байгууллагаас 3 хүн, 1 техник, нутгийн захиргааны байгууллагаас  6 хүн, 1 техник, орон нутгийн 15 хүн, 1 техник, нийт 46 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг  зохион байгуулж, үерийн усанд автсан 8 хүнийг аюулгүй газарт гаргаж, ус зайлуулах сувгийг засварлах, замын зорчих хэсэгт үүссэн лаг шавар, шороо, цэвэрлэн ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ланз багийн “Дунд уртын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 12 км-т, сумаас баруун зүгт 38 км-т 12:55-16:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 46-32 СҮА улсын дугаартай “Пажеро” загварын 5 зорчигчтой суудлын автомашин “Дунд уртын гол”-ын усанд суусан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 12 км замыг туулан 16:53 цагт очиж, 42 минут ажиллан тус сумын харьяат иргэн Т /61 настай, эрэгтэй/,  иргэн М /57 настай, эрэгтэй/, иргэн Ө /55 настай, эмэгтэй/, У/11 настай, эрэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газар гаргаж, автомашиныг татан гаргаж хүлээлгэн өгсөн.

  5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа: Нийслэлийн  Сонгинохайрхан дүүрэг 30 дугаар хороо, Чулуутын 1 дүгээр гудамжны 6 тоотод Хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 17:06 цагт  хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 17:20 цагт очиж, тус дүүргийн харьяат иргэн Ш/21 настай, эрэгтэй/ нүх ухаж байгаад шороонд дарагдсан байсныг 10 минут ажиллаж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

 Усны осол:Булган аймгийн Хутаг-Өндөр сумын  Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/  Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат иргэн Б /25 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 07:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 автомашин, ар гэрийн 12 хүн, 2 автомашин, нийт 23 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 2 бүлэг болон хуваагдаж, 1 дүгээр бүлэг Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Хар-Усны тохой” гэдэг газраас тус багийн “Уул-Алтайн гол” гэдэг газар хүртэл 18.5 км-т 2 удаа гүний шумбалт хийж, 2 дугаар бүлэг Сэлэнгэ сумын Сэлэнгэ мөрний салаануудаас “Хуучин бирвааз” гэдэг газар хүртэл 15 км-т эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 07.17-ны өдрийн 20:10 цагт түр зогсоосон. 07.18-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.   

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Хэрлэн голын усанд нийслэлийн Багануур дүүргийн харъяат иргэн Ж /57 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 11:00 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 17:21 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, тус сумын Цагдаагийн байгууллагаас 2 алба хаагч, 1 автомашин нутгийн захиргааны байгууллагаас 8 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 25 хүн, 1 автомашинтай, нийт 40 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.17-ны өдрийн байдлаар “Хишигт”-ийн амралтаас “Хөргөлтийн-Өндөр эрэг ” гэдэг газар хүртэл нийт 23 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:05 цагт түр зогсоосон. 07.18-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.       

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР