Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Ховд, Хөвсгөл аймгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бага зэргийн бороо орно, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6,7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Салхи 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6, 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 5, 6-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар  ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 25 км зам туулан 13:45 цагт очиж  1 цаг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр  хороонд иргэн Р-ийн эзэмшлийн эксковатор шатаж  байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 02:19 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 02:26 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр  хороонд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 03:28 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 03:32 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ч /37 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 142 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 59 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 83 хүн, 6 автомашинтайгаар унтраахаар ажиллаж байна. 07.03-ны өдрийн 13:30 цагт түймрийн тархалтыг зогсоосон.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Уруйн үер: Ховд аймгийн Жаргалант сумын төвд 07.03-ны өдрийн 19:50 цагийн орчимд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж Наран багийн 14, 15 дугаар гудамжны 30 айл өрх, Рашаант багийн 25 айл өрхийн гэр хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 20:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 60 иргэн, 24 автомашинтай ажиллаж 800 метр урт шороон даланг сэргээн засварласан. 07.04-ний өдрөөс гэр, хашаа нь усанд автсан айл өрхийн тоог нарийвчлан гаргаж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн “Цагаан-Элс” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 70 км-т/ Нийслэлийн Багануур дүүргийн харъяат иргэн М /50 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 07.01-ний өдрийн 00:30 цагт сураггүй болсон тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай, Цагдаагийн газрын 10 алба хаагч, 2 автомашинтай 07.03-ны өдрийн 13:16 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.04-ний өдрийн 06:53 цагт тус багийн “Зүүгчийн-Овоо” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа ҮАБ-ийн 8 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 55 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг 06.24-ний өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 07.03-ны өдрийн байдлаар  тус сумын Хөх хад багийн ”Найрамдал-Уул” гэдэг газраас Ногооннуур сумын Бахлаг багийн “Тавалтайн хавцал”  гэдэг газар хүртэл “Ховд” голын эрэг дагуу нийт 48 км-т самналт хийж, 40 удаагийн гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:05 цагт түр зогсоосон. 07.04-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР