Гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлаар Азийн сайд нар Монгол Улсад чуулна

0

Дэлхийн хамгийн их гамшигт өртөмтгий бүс нутгийн Засгийн газрын гишүүд гамшгийн хохирлыг бууруулахад гарсан ахиц дэвшлийн талаар зөвлөлдөж, бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэхээр ирэх  сард Монгол Улсад чуулах гэж байна.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай 07-р сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Ази, Номхон далайн бүс нутагт 1970-2016 онд гамшгийн улмаас 1.3 их наяд ам.долларын хохирол амссан гэсэн тооцоо байна. 2017 онд 200 гаруй томоохон хэмжээний гамшигт 66.7 сая хүн өртсөнөөс 6,543 нь амь насаа алджээ. Ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, хурдацтай хотжилтын улмаас бүс нутгийг хамарсан гамшгийн эрсдэл нэмэгдэж, энэ нь ган гачиг, үер, хар салхи, газар хөдлөлт, дулааны агаарын урсгал зэрэг байгалийн гамшгийн бүх хүрээг хамарч байна.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-д НҮБ, түүний гишүүн улс орон, Засгийн газар хоорогдын байгууллагуудын өндөр дээд хэмжээний төлөөлөгч, олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмээгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 3000 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Ази, номхон далайн бүс нутгийн 45 орны хоёр Шадар сайд, парламентийн гурван гишүүн, 15 сайд, 15 дэд сайд зэрэг өндөр дээд хэмжээний оролцогчид оролцох юм.

Тус хурлаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн оргуудын хүлээсэн үүрэг, амлалт, Сендайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц, дэвшил, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж, дүгнэн, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл, зэрэг барим бичгийг батлан гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.