Д.Ариунзаяа: Хэцүү ч гэсэн хүний амь авардаг, хүмүүст тусалдаг МЭРГЭЖИЛ МИНЬ САЙХАН

0

YOLO: Таньд энэ өдрийн мэнд хүргэе! Та уншигч хүүхдүүдэд өөрийгөө танилцуулаач

-Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Доржпаламын Ариунзаяа гэдэг. Би 24 настай Гал унтраах аврах ангийн 26-р ангид салааны захирагч хийдэг.

YOLO: Хэзээ энэ ажилд орсон бэ?
-2012 оны 9 сард Хууль сахиулахын Онцгой байдлын сургуульд орсон. 2016 онд Онцгой байдлын эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2016 оны 11-р сард Гал түймэр унтраах аврах 26-р ангид салааны захирагчийн туслахаар ажлын гараагаа эхэлсэн.

YOLO: Та багаасаа гал сөнөөгч больё гэж боддог байсан уу? Та багадаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ?
-Би анх эмч болно гэж боддог байсан. Дараа нь дүрэмт хувцас өмсмөөр санагдаад цагдаад орно гэж боддог байсан. Тэгээд “Хууль сахиулахын их сургууль”-д шалгалт өгөөд тэнцээд орсны дараа “Онцгой байдлын сургууль” илүү гоё гээд орж байсан. Өөрийнхөө сонирхлоороо орсон.

YOLO: Их сургуульд тань таниас өөр эмэгтэй оюутан байсан уу?
-Хууль сахиулахын их сургуульд 20 гаруй эмэгтэй оюутан байсан. Харин яг “Онцгой байдлын” ангид бол гуравхан л эмэгтэй оюутан байсан. Хамгийн анхны эмэгтэй төгсөгч нь бид нар. Одоогоор бид гурваас хоёр нь ажиллаж байна. Нөгөө төгсөгч маань Эрдэнэт аймагт салааны захирагч хийж байгаа.

YOLO: Мэдээж таны бодож мөрөөдөж байснаас өөр байсан байх. Тэгвэл энэ мэргэжлийн хамгийн хэцүү зүйл юу вэ?
-Манай сургалтын тогтолцоо онол орсныхоо дараа заавал практик дээр  дадлага хийлгэдэг. Тийм болохоор салаан захирагч ийм юм хийдэг, тийм юм хийдэг гээд мэдчихсэн болохоор хэцүү санагдаагүй.

YOLO: Тэгвэл хамгийн анх галд явахад хэцүү байсан уу?
-Хамгийн анх галд явахад хэцүү байсан. Учир нь хамгийн анх галд хүмүүс ахлаад явж байгаа мөн гэр нь шатаж байгаа хүмүүс “Та сайн байна уу?” гээд хүлээж авахгүй нь ойлгомжтой. Өөдөөс уурлана, орилно гэх мэт олон зүйл дээр сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй байсан.

Монголын хамгийн анхны хамгийн олон галд явсан эмэгтэй: “Гэр нь шатаж байгаа хүмүүс “Та сайн байна уу?” гээд хүлээж авахгүй”

Д.Ариунзаяа

Хэцүү ч гэсэн энэ ажил хүний амь авардаг, хүмүүст тусалдаг гэгээн, хүний сэтгэлд хүрдэг.

Д.Ариунзаяа

YOLO: Та энэ ажлаараа бахархдаг уу? Юугаар нь бахархдаг вэ?
-Мэдээж бахархана. Хэцүү ч гэсэн энэ ажил хүний амь авардаг, хүмүүст тусалдаг гэгээн, хүний сэтгэлд хүрдэг болохоор хийж буй зүйлээрээ бахархдаг.

YOLO: Энэ ажил эмэгтэй хүнд хэцүү ажил таньд шантрах үе байсан уу?
-Ер нь бол энэ ажилдаа дасчихсан, хувь тавиландаа эвлэрчихсэн (инээв). Анхнаасаа энэ мэргэжлийг сонгоод сургуулийг нь төгсчихсөн юм чинь шантрах үе байсан ч гэсэн би энэ зүйлийн ард нь гарчихвал болно. Би энэ ажилд 1 жил ажиллана, 2 жил ажиллана тэгээд би энэ ажилдаа итгэлтэй, чадварлаг болчихно гэж боддог байсан болохоороо шантрах үе байгаагүй.

YOLO: Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Чөлөөт цаг ер нь байдаггүй шд. Чөлөөт цаг гарвал аль болох хүүхэд, гэр бүлтэйгээ л цагийг өнгөрөөхийг боддог доо.

YOLO: Та ажилд орсноосоо хойш хэдэн галын дуудлагаар очиж ажилласан бэ?
-Би 11-р сард томилогдоод 3-р сараас галын дуудлаган дээр салаа ахлаад очиж ажиллах болсон. Түүнээс хойш жилийн хугацаанд 100 гаруй дуудлаган очиж ажиллаад хорин хэдэн хүний амь насыг авраад байна. Миний хамгийн анхны дуудлага гэвэл Саппоро-гийн хойно гарсан орон сууцны гал дээр 3-р салааг дагаж ажиллаж 13 хүн утаажилтын бүсээс гаргаж авч байсан.

YOLO: Хамгийн сэтгэл эмзэглэмээр ямар дуудлаган дээр очсон бэ?
-Хамгийн эмзэглэмээр галын дуудлага гэвэл гэр оронд гарч буй гал. Гэр 5 минутын хугацаанд шатдаг. Гэр орноо шатахыг харсан хүмүүсийн сэтгэл санаа ямар байхав түүнээс эхлээд хэцүү санагддаг. Гал ихэвчлэн өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж гардаг. Жоохон чанартай цахилгааны утас аваад тавьчихсан бол, эд хөрөнгөө хамгаалаад галын аюулаас сэргийлсэн бол гэж бодохоор сэтгэл эмзэглэдэг.

YOLO: Таны нөхөр бас онцгой байдалд ажилладаг гэсэн. Нөхөртөйгээ хамт хүнд нөхцөлд ажиллахад хэр хүндрэлтэй вэ?
-Миний нөхөр “Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газар”-т ажилладаг. Бид анх танилцахад нөхөр маань салаан захирагч хийдэг байсан. Тэр үед нь би эмзэглэдэг байсан. Ээлжинд явахад нь аль болох тайван байлгахыг хичээдэг, хурдан буцаагаад ирүүлмээр санагддаг, гэртээ байлгамаар санагддаг. Одоо харин өөрөө энэ ажилд ороод хүнд, хэцүү ажил хийдэг юм байна гэж ойлгодог болсон. Тийм болохоор бид хоёр бие биенээ маш сайн ойлгодог.

Гэр 5 минутын хугацаанд шатдаг.

Д.Ариунзаяа

“Чамайг сургуулиа төгсөөд очиход чинь чиний үгэнд ойлгохгүй, чамайг ойлгохгүй ахлах ахлагч нар угтана”

Д.Ариунзаяа

YOLO: Та анх нөхөртэйгөө яаж танилцсан бэ?
– Би нөхөртэйгөө дадлага хийж байгаад танилцсан. Түүнээс хойш 3 жил үерхээд айл болж байсан. Одоо бид хоёр 2 настай хүүхэдтэй.

YOLO: Амьдрал, үр хүүхдээ хэрхэн зохицуулдаг вэ? Хэн тусалдаг вэ?
-Манай аав, ээж хоёр их тусалдаг.  Тодруулбал нөхрийн маань аав ээж хоёр хүүхдийг минь харж өгдөг.

YOLO: Олон эрчүүдтэй хамт ажиллахад хэр хэцүү байдаг вэ?
-Хэцүү байдаг. Намайг сонсогч байхад “Чамайг сургуулиа төгсөөд очиход чинь чиний үгэнд ойлгохгүй, чамайг ойлгохгүй ахлах ахлагч нар угтана” гэсэн сэтгэл зүйтэй төгсгөсөн. Би яг тэгж төсөөлж байсан. Гэхдээ харьцангуй дээр байсан. Хийх ёстой юмаа цаг тухайд хийчихдэг хүндрэл учруулдаггүй. Хэдий муудалцдаг үе байдаг ч гэсэн 5 минутын дараа ойлголцчихдог. Одоо бие биендээ дасаад “Өнөөдөр хэн нь юу хийж байгаа бол? Ажил дээр юу болж байгаа бол?” гэж бие биерүүгээ залгадаг болчихсон.

YOLO: Гэр бүлдээ хэр цаг зарцуулж чаддаг вэ?
-Гэр бүлдээ цаг зарцуулж чаддахгүй байгаа. Манай гэр ажлаас хол байдаг болохоор өглөө 4 цагт босоод 5 гээд гэрээсээ гардаг. Орой нөхрийнхөө ажлыг тарахыг хүлээгээд 9,10 цагт гэртээ харьдаг. Маргааш нь дахиад л өглөө үүрээр гараад шөнө харьдаг.

YOLO: Та амьдралыг ямар өнгөөр харах дуртай вэ?
-Аль болох гэгээн, цагаан гэгээлгээр харах дуртай.

YOLO: Өнөөдөр иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж олон хүн амь эрсдэж байна. Тэгвэл та уншигч хүүхдүүддээ юу гэж зөвлөмөөр байна?
-Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй. Битгий лаа, шүдэнзээр тоглоорой. Битгий дураараа плитка, цахилгаан хэрэгслээ залгаж орхиорой. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой хандаарай. Гадаад оронд хүүхдүүдэд багаас нь гал гэдэг ямар аймшигтай зүйл болохыг ойлгуулчихсан байдаг. Манай монголчууд шүдэнзээ ил тавиад эсвэл хүүхдээ гэртээ цоожлоод явчихдагаас үүдэн гал гардаг. Тийм болохоор дүү нартаа гал, шүдэнз гэдгийг “Баба, ааний” гэх мэтээр ойлгуулаарай.

Өглөө үүрээр гараад шөнө харьдаг.

Д.Ариунзаяа

Эх сурвалж: https://www.yolo.mn/z/2904
Өсвөрийн сэтгүүлч У.Мөнхтунгалаг