Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь талын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 11-нд баруун болон төвийн нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд ажилчдын байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 16:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 16:23 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн задгайд 20х8 метр хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 16:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч,  1 автомашинтай 0.5 км замыг туулан 17:05 цагт очиж, 1 цаг  ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрны тагт дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 18:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 18:25 цагт очиж, 4 минут ажиллаж, унтраасан.

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 20:15 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 20:20 цагт очиж,  15 минут ажиллаж, унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 20:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 20:38 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд иргэн О-гийн “Даевоо” загварын ачааны автомашины шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 02:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 02:38 цагт очиж, уг автомашины баруун хойд талын дугуй нь шатаж байсныг 5 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 02:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 02:50 цагт очиж,  10 минут ажиллаж, унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Улаанбаатар хот, Говьсүмбэр аймаг хоорондын автозамаас Налайх дүүрэг рүү салдаг автозамын зорчих хэсэгт иргэн Х-гийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Элентра” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины  төмөр хийцэд хүн хавчуулагдаж, гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 13:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 13:54 цагт очиж, иргэн Х /42 настай, эрэгтэй/ баруун хөлөө автомашины бүхээгийн хэсэгт хавчуулсан байсныг 8 минут ажиллан гаргаж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр  хороо, Нарангийн голын автозамын зорчих хэсэг иргэн Ү-гийн эзэмшлийн “Пронтер” загварын ачааны автомашин, иргэн Г-гийн эзэмшлийн “Эйч-Ди 55’’ загварын ачааны автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж, гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 14:46 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 15:03 цагт очиж,  иргэн Ү /41 настай, эрэгтэй/, иргэн Э /37 настай, эмэгтэй/ нар автомашины бүхээгийн хэсэгт хөлөө хавчуулсан байсныг 10 минут ажиллан гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР