Улсын нөөц судлалын төвд агрономичдын баг ажиллана

0

Онцгой байдлын ерөнхий газрын даргын Б/218 дугаар тушаалаар Гамшиг судлалын хүрээлэнгийн дэргэд Улсын нөөц судлалын төвийг байгуулан ажиллаж байна.

 Тус төв нь тэжээлийн үйлдвэр, сорт сорилын гэсэн хоёр хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд Улсын нөөцийн Жаргалант салбарыг түшиглэн тэжээлийн үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа бол сорт сорилын хэсэгт агрономичдын багаас бүрдсэн байнгын ажиллагаатай бүрэлдэхүүнийг ажиллуулах юм.

Тиймээс сорт сорилын байнгын ажиллагаатай ажлын хэсэг, гарааны компанийн Тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, цаашдын үйл ажиллагааны чиглэл зорилтыг тодорхойлох зорилгоор “Сорт сорилын байнгын ажиллагаатай ажлын хэсэг, тэжээлийн үйлдвэрийн ажилчдын сургалт”-ыг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна.

Сургалтад Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн захирагч, салбарын дарга, агрономич нарын нийт  20 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн болон Хөдөө, аж ахуйн их сургууль,  ХСИС-ийн Онцгой байдлын сургууль -Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний ажилтнууд сургалтыг удирдан явуулж байна.

Улсын нөөц судлалын төв нь нөөцийн талаар баримтлах бодлого, стратеги болон удирдлагын талаар судалгаа хийж зөвлөмж гаргах, бараа материалын бүрдүүлэлт, тэдгээрийн хадгалалтын нөхцлийн талаар эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх, бүтээгдэхүүний чанар байдалд туршилт, судалгаа хийхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.