Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Увс, Хөвсгөл аймгийн зарим газраар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Завхан голын эх, Монгол Алтайн нуруу, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчимоор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говь, талын нутгаар 15-20 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 13, 14-нд говь, тал хээрийн нутгаар 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд сендвичин чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 06:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 06:46 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 11:22 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан11:26 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 16:25  цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 7  км замыг туулан 16:45 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 5 дугаар багийн “Дэхт” гэдэг газар амбаар, эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 19:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 9 алба хаагч,  2 автомашинтайгаар 25 км зам туулан 19:47 цагт очиж, 01 цаг 47 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо, Жигжид зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 22:13 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 11 км замыг туулан 22:25 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багт иргэн С /31 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй, өмнө нь олон удаа сураггүй алга болж байсан/ 2018.03.19-ний өдрийн 17:00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 03.23-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн байгууллагын 5 алба хаагч, 1 автомашин, 1 дрон, ар гэрийн 1 иргэн, 3 морь, нийт 11 хүн, 3 техник хэрэгсэл, 3 морьтойгоор 04.10-ны өдрийн 14:12 цагаас эхлэн тус сумын “Бор гүвээ” гэдэг газраас “Гахайн байр” гэдэг газар хүртэл Буурын голын эрэг дагуу явганаар 7.5 км газарт явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:00 цагт түр зогсоосон.

Багануур дүүргийн 5 дугаар хороонд иргэн Б-гийнд 04.11-ний өдрийн 14:00 цагийн орчимд тоглож байсан Ч /5 настай, эрэгтэй/, М /5 настай, эрэгтэй/ Б /3 настай, эрэгтэй/ нар алга болчихлоо гэсэн мэдээллийг 04.12-ны өдрийн 01:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашин, дүүргийн цагдаагийн хэстсийн 61 алба хаагч, 4 автомашин, ар гэрийн 6 иргэн, 1 автомашин, нийт 72 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР