Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хойлоогоор 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13, 14-нд говь, тал хээрийн нутгаар 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 9 дүгээр багт тус багт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-гийн эзэмшлийн “Лакш” баар шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны 05:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 4 тасгийн 35 алба хаагч, 1.5 км замыг туулан 05:11 цагт очиж, нэмэлтээр Цагдаагийн газрын 21 алба хаагч, “Адуунчулуун” ХК-ийн 1 ажилтан, “Дорнод нийтийн аж ахуй” ХХК-ийн 1 ажилтан, нийт 58 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр 03 цаг 36 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт иргэн М-ийн эзэмшлийн “Стима” загварын суудлын автомашин, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 14:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 14:34 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 19:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 19:36 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижих  багийн “Дэрст” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 6 км-т/ эзэмшигч нь тодорхойгүй амаар, дотор нь хураалттай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 03:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 6 км замыг туулан 03:24 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Модтын өргөн шанааны-Их” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км/ ойн түймэр гарсан байж болзошгүй тухай мэдээллийг 04.07-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч орон нутгийн 36 иргэн, 2 автомашинтай ажиллаж 04.08-ны өдрийн 12:50 цагт цурманд оруулж, 04.10-ны өдрийн 17:31 цагт бүрэн унтрааж тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн. Түймэрт 2 га орчим ой өртсөн.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн дэнж автобусны дэргэд, автозамын зорчих хэсэгт иргэн Ч-гийн эзэмшлийн “Пробокс” загварын автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Шевролет” загварын суудлын автомашин, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААҮГ-ын эзэмшлийн “Хьюндэй” загварын зорчигч тээврийн автобус хоорондоо мөргөлдөж автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай 11 км замыг туулан 14:04 цагт очиход, иргэн Б /41 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад, иргэн Ч /58 настай, эрэгтэй/, А /58 настай, эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж НТТТ-ийн шуурхай бүлэгт хүлээлгэн өгсөн. Иргэн А ГССҮТ хүргэгдэх замдаа нас барсан. Мөн автобусанд зорчиж явсан З /12 настай, эмэгтэй/ хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НТТТ-ийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багт иргэн С /31 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй, өмнө нь олон удаа сураггүй алга болж байсан/ 2018.03.19-ний өдрийн 17:00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 03.23-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй, мөн цагдаагийн байгууллага сайтар шалгах шаардлагатай гэж үзсэн тул эрэн хайх ажиллагааг 03.24-ний өдөр түр зогсоож, 04.10-ны өдрөөс дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, цагдаагийн байгууллагын 5 алба хаагч, 1 бичил нисэх төхөөрөмж, ар гэрийн 1 иргэн, нийт 11 хүн, 3 техник хэрэгсэл, 3 морьтойгоор 04.10-ны өдрийн 14:12 цагаас эхлэн тус сумын “Бор гүвээ” гэдэг газраас “Гахайн байр” гэдэг газар хүртэл Буурын голын эрэг дагуу явганаар 7.5 км газарт явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:00 цагт түр зогсоосон, 04.11-ний өдөр үргэлжилнэ.

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Данзангийн цагаан буйр”  гэдэг газар /аймгийн төвөөс  баруун зүгт 30 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ тус сумын харъяат малчин Ц-гийн хүү Б /4 настай эрэгтэй/ 04.09-ний өдрийн 18:00 цагт гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлагыг 04.10-ны 04:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 27 хүн, 3 автомашинтай эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, Наранбулаг сумын Алдар багийн “Бөөдөөний-Эх” гэдэг газраас /гэрээс нь зүүн зүгт 2 км-т/ мөн өдрийн 08:50 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ягаан толгой багт тус сумын харьяат иргэн О /28 настай, эмэгтэй, тус аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн сувилагч/ 04.10-ны өдрийн 09:00 цагийн үед ажлын байрнаасаа их хэмжээний нойрсуулах эм аваад сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн цагдаагийн байгууллагын хүсэлтийг 04.10-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 7 иргэн, нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04.10-ны өдрийн 16:05 цагт тус сумын Ягаан толгой багийн “Суваргатай уул” гэдэг газраас эсэн мэнд олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Амиа хорлолт /аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гүүрний доор “Туул” голын усанд эмэгтэй хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг тус дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс 04.10-ны өдрийн 15:49 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11 км замыг туулан 16:12 цагт очиж, нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд оршин суугч Б /39 настай, эмэгтэй/-н цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР