Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 13-18 градус,  Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2-4-нд нутгийн зарим газраар, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 2, 5-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн  Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12:49 цагт очиж, 11х16 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 01:00 цаг ажиллаж, унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Өнгөлжин” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат иргэн С /48 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 11.25-ны өдөр самар түүхээр хамт явсан иргэдээсээ зугтааж, 11.26-ны өдөр эсэн мэнд олдсон, мөн өдрийнхөө орой дахин зугтааж сураггүй болсон тухай дуудлагыг 11.29-ний өдрийн 13:40 цагт хүлээн авч тус аймгийн Биндэр сумын Байгаль хамгаалагчаар ахлуулсан 12 хүн, 2 автомашин, хамт самар түүж явсан түүний хүү С нарын 11 хүн, 1 автомашин, нийт 23 хүн, 3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 12.01-ний өдрийн 06:00 цагт Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагаанд нэмэлтээр явсан.

4.Мал, амьтны гоц халдварт өвчин  

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт иргэн Д-гийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 11.18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 11.30-ны өдрийн байдлаар голомтын бүсэд 63 айл өрхийн 360 үхрийг тусгаарлаж, 117 айл өрхийн 1054 үхрийг устгаж, 2 дугаар ээлжийн вакцинжуулалтаар 378 айл өрхийн 4191 үхэр, 13 ямаа, 920 гахай, нийт 5124 мал, амьтанд вакцинжуулалт /17.5%-тай/ хийж, 71185 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. Мөн Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахгүй хязгаарлалт үргэлжилж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282  дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсоохгүй аялуулж байгаа бөгөөд, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 12.01-ний өдрийг дуустал түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР