МУГТ Б.Номин: Тасарсан буухиаг залгуулж, өөрийнхөө мөрөөдөлд хүрмээр байна

0

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны тамирчин Батболдын Номин Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ. Тиймээс бид энэ удаагийн “Онцлох зочин” буландаа шинэхэн гавьяатыг урьсан юм. Өдгөө 24 настай тэрээр чөлөөт бөхийн спортоор хичээллээд 13 жил болж байгаа аж. Энэ хугацаанд 2015 оны Лас Вегасын дэлхийн аваргын мөнгө, 2014 оны Азийн наадмын хүрэл, Германы Гранпригийн мөнгө, 2013 оны Дэлхийн залуучуудын аваргын мөнгө, Азийн аваргын хүрэл, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнээс 2013, 2016 онд алт, 2015 онд мөнгө, 2012 онд хүрэл медаль, 2012 оны Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнээс мөнгө, “Mongolia Open” олон улсын тэмцээнээс 2013 онд алт, 2015, 2016 оны мөнгө, 2012, 2014 оны хүрэл медаль, 2014 оны Яшар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээний алт, Тактийн цомын тэмцээний хүрэл медалийг хүртсэн, их амжилтын эзэн хэдийнээ болжээ. Ингээд түүнтэй ярилцснаа хүргэж байна.

-Юуны өмнө чөлөөт бөхийн спортоос мэндэлсэн 42 дахь Гавьяат тамирчин болсон таньд баяр хүргэе?

-Баярлалаа. Олон хүний хөдөлмөрийн үр шим, монгол түмэн, чөлөөт бөхийн спорт ивээлээ хайрлаж, эрхэм цолоор шагнууллаа. Миний хувьд 2015 онд гавьяатынхаа болзлыг хангасан боловч хоёр жилийн дараа Үндэсний баяр наадмынхаа босгон дээр Монгол Улсын гавьяат цолоо хүртлээ. Ерөнхийлөгчөөс Гавьяат тамирчин цолоо гардан авч, Төрийн ордноос гарч ирэх тэр мөчид сэтгэл үнэхээр их догдолсон. Энэ цолоор шагнуулах гэж байгааг урьд өдөр нь мэдээд шөнө нь нойр хүрээгүй шүү.-2015 он гэхээр АНУ-ын Лас-Вегас хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс та олимпийн бус жин болох 61 кг-д мөнгөн медалийн эзэн болж байсан байх аа?
-Анхны дэлхийн аваргын тэмцээнээсээ олимпийн бус жин болох 61 кг-д дэлхийн дэд аварга болж байлаа. Тэмцээний сугалаа нэлээд хатуу таарч, эхний тойрогтоо дэлхийн аваргын хүрэл медальт, Энэтхэгийн Бажран Кумартай барилдаж, ялсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга Г.Алиевтай өрсөлдөж, мөнгөн медалийн эзэн болсон. Хамгийн ширүүн өрсөлдөөн хөнгөн жингүүдэд илүү өрнөдөг. Бэлтгэлээ өндөр түвшинд базаан, хурд, хүч гээд бүх зүйлээр тэнцүү байхгүй л бол хөнгөн жинд амжилт гаргахад хүндрэлтэй байдаг.
-Тухайн амжилтыг үзүүлнэ гэдэгтээ өөртөө итгэлтэй байсан гэж сонссон юм байна?
-Тэмцээнийг зорихдоо гэр бүл, найз нөхдөдөө “Та нар цэцэг бариад зогсож байгаарай. Би заавал медалийн эзэн болоод ирнэ ээ” гэж хэлж байсан. Сорил тэмцээнд МУГТ С.Ням-Очир болон ОУХМ Б.Нэмэхбаяр ахыг ялж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрх өвөртөлсөн учраас дэлхийд өрсөлдөхөд бэлэн гэсэн сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан. Ярьж байсан маань биелэлээ олж, дэлхийн медальтан болсондоо бэлгэшээж явдаг даа.
-Анх чөлөөт бөхийн тамирчин болоход хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ?
-Миний өнөөдрийн энэ амжилт аавын минь хүсэл, тэмүүлэлтэй холбоотой. Би хүүгээ хэзээ дэлхийн аваргын тавцан дээр зогсож байгааг харах бол гэж бага байхад минь их ярьдаг байсан. Тэгээд ч энэ спортод дурлуулж, хичээллэх эх суурийг аав маань тавьж өгсөн. Өглөө бүр гүйлгэнэ, дасгал хийлгэнэ, мэргэжлийн тамирчин хүн биш ч гэсэн чөлөөт бөхийн спортын талаар ярьж өгнө.
Ингээд 2004 оноос буюу 11 настайгаасаа Д.Оюунболд агсны үүсгэн байгуулсан “Хангай” клубт Ц.Баярсайхан, М.Баярсайхан, С.Эрдэнэбаяр багш нарын удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн дээ. -Аавынхаа хүсэл мөрөөдлийг давхар биелүүлжээ?
-Тийм шүү. Аав минь намайг 2015 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахад хөдөө ажлаар явж байсан. Мөнгөн медалийн эзэн болоод эх орондоо ирэхэд маш их баярлаж байсан ч тэр сэтгэлээ нуугаад байгаа нь анзаарагдсан. Илүү их амжилт гаргах хэрэгтэй гэсэн аав хүний буурь суурь байхаа л гэж бодож хичээдэг дээ.
-Анхны бүхэн сэтгэлд тод орон зайг үлдээдэг. Та анхны тэмцээн, анхны медаль авч байсан үеэ дурсвал?
-Анхны тэмцээн гэвэл 12 жилийн өмнө болсон “Алдар” спорт хорооны нэрэмжит “Алдар гарьд” нэртэй тэмцээн байсан. Тус тэмцээн 2005 оны 01 дүгээр сарын 18-нд буюу ээжийн маань төрсөн өдрөөр болсон юм. Тэмцээний 29 кг-ийн жинд барилдан, мөнгөн медаль хүртэж, ээждээ гэнэтийн бэлэг барьсан тэр мөч л хамгийн сайхан дурсамж үлдээж дээ. Анхны медалиа гэрийнхээ хойморт өлгөчихөөд хэзээ гэрээрээ дүүрэн медальтай болох бол оо гээд л боддог байлаа шүү дээ.
-Түүнээс хойш улсын болоод дэлхийн томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, гэрээ медалиар дүүргэсэн амжилтын эзэн хэдийнэ болсон байна?
-Хичээж л явна. Медаль хүртсэн томоохон тэмцээнүүдээ дурдвал 2013 оны залуучуудын дэлхийн аваргаас мөнгө, 2014 онд Азийн спортын наадмаас хүрэл, 2013, 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2016 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээ­нээс мөнгөн медаль хүртсэн. Түүнчлэн 2010 онд спортын мастер, 2013 онд ОУХМ цолыг хүртсэн. Харин энэ жил Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм цолыг хүртлээ. Гавьяат цолондоо багтаж барилдана гэж үг байдаг. Ханаад болих биш, намайг дэмждэг, надад итгэдэг энэ олон хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө илүү их хичээж, хүрэх оргил нь хаа байна тэр хүртэл шаргуу хөдөлмөрлөх болно оо.
-Та дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын шавь. Багшдаа анх яаж шавь оров?
-Би багаасаа багшийнхаа барил­дааныг шимтэн үзэж, чөлөөт бөхийн спортод дурласан. Багш маань 2001 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэнийхээ дараа дэвжээндээ хүндэт­гэл үзүүлэн мөргөсөн нь миний санаанаас гардаггүй юм.
Анх 2004 онд О.Пүрэвбаатар багшийн шавь болъё гэж очсон боловч ид барилдаж байсан болохоор зодог тайлсныхаа дараа шавиа болгоно гэсэн. Тэгээд л 2008 оноос багш, шавь болсон доо. Тэр үеэс хойш дэлхийн дэвжээнд өндөр амжилт гарган, багшдаа хүндэтгэл үзүүлж, баярлуулах юмсан гэж хичээдэг байлаа. Хичээлэлтийн үр дүн маань долоон жилийн дараа буюу 2015 оны дэлхийн аваргын тэмцээн байсан. Мөнгөн медалийн болзол хангасныхаа дараа багшдаа хүндэтгэл үзүүлж, баярлуулж, мөрөөдөлдөө хүрсэн дээ.
-Өнгөрсөн жил жин өгсөж барилдах болсноос хойш олимпод зодоглох зорилгодоо хүрч чадаагүй. Юу нөлөөлсөн бэ?
-Би 3-4 кг хасаж, 61 кг-д барилдаад дасчихсан байсан. Тэгээд шинэ жиндээ дөнгөж дасаж байтал 2016 оны зургадугаар сард буюу Дэлхийн цомын өмнөх бэлтгэлийн үеэр өвдгөндөө бэртэл аваад долдугаар сард хагалгаанд орж, түүнээс хойш хэдэн сарын хугацаанд бэлтгэл, тэмцээнээс ерөнхийдөө завсарласан. Тамирчин хүний хамгийн том дайсан бол бэртэл гэмтэл.
Бэлтгэл дутуу бол нөхөөд хийчихнэ. Алдаа гаргавал дараа дараагийн тэмцээндээ засах боломжтой. Харин бэртлийн үед юу ч хийх боломжгүй, яаж ч чадахгүй байдаг нь л хамгийн харамсалтай юм билээ. Одоо бол хэвийн бэлтгэлээ хийж байгаа.
-Бэртсэнээс хойш 2017 оны улсын аваргын тэмцээнд оролцсон. Бэлтгэлээ хэр хангасан байсан бэ?
-Улсын аварга шалгаруулах тэмцээндээ заавал оролцоно гэж хичээж байгаад 65 кг-ийн жинд барилдаж, хүрэл медалийн эзэн болсон. Тэмцээний өмнө сар гаруй хугацаанд бэлтгэлд хамрагдаад тэмцээндээ оролцсон доо.
-Тамирчин хүнд бэлтгэл, сургуулилт хамгийн чухал. Бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ?
-Жилд 1300-1400 цагийн бэлтгэл хийхээс гадна цугларалтандаа жилдээ хоёроос гурван удаа гарах ёстой. Ер нь тухайн жилийнхээ онцлогт тааруулан бэлтгэлийн төлөвлөгөө гардаг. Зарим үед хүчний бэлтгэл давамгайлна. Зарим үед техникийн бэлтгэл илүү хийнэ дээ.
-Одоо таны хувьд оролцохоор зорьж, бэлтгэж байгаа ямар тэмцээн байна вэ?
-Одоогоор 2020, 2024 оны олимпийн наадамд барилдах, тогтмол амжилт үзүүлэх хэмжээнд өөрийгөө дайчилж байна. Хамгийн ихээр 2020 оны олимпийг л зорьж байна даа. Монголын чөлөөт бөхийн медалийн буухиа тасраад олон жил боллоо. Энэ тасарсан буухиаг залгуулж, өөрийнхөө мөрөөдөлд хүрмээр байна.
-Таныг хуулийн чиглэлээр суралцдаг гэж сонссон. Бэлтгэл, тэмцээний хажуугаар хичээлдээ явах цаг хэр гарч байна?

-Монголын үндэсний их сургуульд хуулийн мэргэжлээр суралцаж байна.Энэ жил төгсөнө. Мэдээж бэлтгэл, тэмцээнээс шалтгаалаад хичээлээсээ завсардах тохиолдол гаралгүй яахав. Гэхдээ тамирчин гээд мэдлэг боловсрол, мэргэжил эзэмшихэд анхаарахгүй байж болохгүй шүү дээ. Хичээл завсардсан тохиолдолд сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлж, хоцорсон хичээлээ нөхөх, зөвлөгөө өгөх бүхий л боломжуудыг гаргаж өгдөг.
-Бэлтгэл, хичээл гээд чөлөөт цаг бага байдаг байх. Зав гарвал цагийг яаж өнгөрүүлдэг вэ?
-Би 2013 оноос Үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Долоо хоногийн 2-3 өдрийг өндөр ачаалалтай бэлтгэлд зарцуулдаг болохоор чөлөөт цаг бага гардаг. Зундаа амарна гэсэн ойлголт байхгүй. Цаг зав гарвал гэр бүл, найз нөхөдтэйгээ салхинд гарах дуртай.
-Тамирчин хүний онцлогийг тодорхойлбол?
-Тамирчин хүн бол энхийн цагт “тулалддаг” эх орны цэрэг юм. Эх орон, ээж аавынхаа нэрийг дуурсгаад явна гэдэг сайхан ерөөл гэж боддог. Тийм учраас хаана ч явсан сахилга баттай, юу ч тохиолдсон даваад гарах биеийн болон сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй байх ёстой л гэж боддог. Хаана эв нэгдэл, дэг журам байна тэр үед амжилт ирдэг. -Хамгийн их урам, зоригийг юунаас авдаг вэ?
-Би хааяа хөөрч барилдах дуртай. Дэмжээд уухайлаад өгөхөөр онгироод хөөрдөг ч юм уу. Тэр үедээ л илүү барилдааныг үзүүлээд байгаа юм шиг санагддаг. Хүмүүс итгэл хүлээлгээд найдахаар их сайхан байдаг л даа. Ямар ч итгэл төрөөгүй хүнд хэзээ ч найдлага өгөхгүй байх. Надад найдаж байна гэдэг чинь намайг чадна гэсэн итгэл найдвар тээгээд хариуцлага үүрүүлж байгаа гээд бодохоор илүү их урам авч, хичээдэг дээ. Бас тэмцээний бие халаалтын үеэр эх орны тухай дуу сонсоод тайвшралыг авч, эрч хүчийг мэдэрдэг.
-Танаас үлгэр дууриал авч, барилдааны арга мэхээс суралцдаг олон залуус байдаг байх. Багш болооч гэсэн санал хэр ирдэг вэ?
-Багшлах уу, хүүхдээ чиний шавь болгомоор байна гэсэн саналууд ирдэг. Дасгалжуулагч хүн бол тамирчин хүнийг бэлтгэдэг. Энэ ч үүднээсээ бүх төрлийн мэдлэгтэй байх ёстой гэж боддог. Заавал тамирчин хүн дасгалжуулагч болно гэсэн ойлголт бас биш л дээ. Миний хувьд энэ бие маань хаана дуусах нь уу тэр хүртлээ өөрийгөө дайчилж хүсэл мөрөөдөлдөө хүрсэн тамирчин байхыг л хүсдэг дээ.
-“Аврагч” спорт хороогоор хэзээнээс овоглож эхэлсэн бэ?
-Тамирчдын амжилт бол цалин мөнгө, дэмжих байгууллагатай маш их холбоотой байдаг. Миний хувьд өнгөрсөн тавдугаар сараас хойш Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны тамирчин болсон. Эх орныхоо аюулгүй байдал, эрдэнэт хүний амь насыг элдэв аюул ослоос хамгаалдаг Онцгой байдлын асуудал эрхэлсэн их айлаар овоглож байгаадаа баярладаг. Энэ байгууллагад харьяалагдсанаараа цэргийн хүн болно гэсэн багын мөрөөдлөө биелүүлсэн.
-Тамирчин хүний ард талд гэр бүлийнхэн хамт байдаг. Гэр бүлийнхээ тухай танилцуулбал?
-Аав, ээж, дүүтэйгээ амьдардаг. Гэр бүлтэйгээ хамт байх цаг зав бараг гардаггүй. Манай дүү бас чөлөөт бөхөөр хичээллэдэг. Ерөнхийдөө гэртээ өдрийн од шиг л үзэгдэнэ. “Гацуурт” клубын тамирчин байхдаа тэндээ байрлаж бэлтгэлээ хийдэг байсан. Сардаа гэртээ хоёр удаа л ирнэ. Зарим сардаа ирэхгүй. Тэмцээнээс мултарвал гэртээ харих эрхээ хасуулна. Ингээд бодоод үзэхээр гэр бүлийнхэндээ маш бага цагийг зарцуулдаг. -Сүүлийн үед залуучууд маань спортоор хичээллэх сонирхолтой болсон юм шиг анзаарагддаг?
-Их спортын бэлтгэлд хамрагдаж байгаа залуучууд цөөрсөн. Хаагуур их байна гэхээр фитнесст сонирхогчоор хичээллэдэг болсон байна. Гэхдээ нэг талаар цаг нөгцөөх гэсэн, зорилгогүй байдлаар хандаад байгаа зүйл ажиглагддаг. Мэдээж хүн болгон тамирчин болж, амжилт гаргана гэдэг хэцүү л дээ. Бие бялдар, хүмүүжлийн хувьд спортоор хичээллэснээр хат суулгадаг, тэвчээртэй, өөртөө итгэлтэй болгодог. Тиймээс эхлээд зорилгоо тодорхойлоод юуны төлөө явж байгаагаа л маш сайн ухамсарлах хэрэгтэй.
-Баярлалаа таны цаашдын тэмцээн уралдаанд амжилтын дээдийг хүсэн ерөөе?
-Баярлалаа. Намайг дэмжиж, ойлгож, итгэл найдвар хүлээлгэж байгаа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны хамт олон, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар болон Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагч нартаа талархлаа илэрхийлье. Чөлөөт бөхийн олон жил хүлээлгэсэн олимпийн медалийг хороондоо авчрахын төлөө хичээх болно оо. Итгэж, хүлээгээрэй гэж хэлмээр байна.

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан эрхэм гавьяатын ертөнцөөр бага ч гэсэн аялуулсан даа баяртай байна. Хүн бүрт л өмнөө тавьсан зорилго, мөрөөдөл бий. Гэхдээ түүнийхээ төлөө хэн хөдөлмөрлөж чадна, түүнд амжилт ирдгийн үлгэр жишээ болсон гавьяатдаа амжилтын дээдийг хүсэн ерөөе. Амжилтын буухиа нь тасралтгүй үргэлжлэн, ард түмнийхээ нэрийг дуурсгаж, олимпийн тэнгэрт од болон гялалзах болтугай.

“Онцгой мэдээ” сонин