Тамирчин гал сөнөөгчийн гэр бүл Олон улсын өртөөт марафон гүйлтийн анхдугаар тэмцээний аварга боллоо

0

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, БНХАУ-ын “Grand china sport” холбооноос хамтран зохион байгуулсан “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон гүйлтийн анхдугаар тэмцээн 08 дугаар сарын 13-ны ням гаригт нийслэл Улаанбаатар хотод боллоо.

Тус тэмцээн “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн 4 ангилал, төрлөөр явагдсан ба “Гэр бүл”-ийн ангилалд Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Долгорсүрэнгийн Тэмүүжин эхнэр хүүгийн хамт  амжилттай оролцож “Тэргүүн” байр эзлэн Алтан медаль, цом, өргөмжлөл, БНХАУ-ын үзэсгэлэнт газруудаар гэр бүлээрээ үнэ төлбөргүй аялах эрхийн бичгээр шагнагдсан байна.

Ахлах ахлагч Д.Тэмүүжин нь марафон гүйлтийн төрлөөр 14 жил хичээллэж байгаа бөгөөд 2015, 2016 онд “Улаанбаатар-марафон” Олон улсын тэмцээний дэд байрт 2 жил дараалан шалгарч “Мөнгөн” медаль хүртэж байсан билээ.

Д.Тэмүүжиний хамт олон улсын өртөөт марафон гүйлтийн анхдугаар тэмцээнд оролцсон түүний гэр бүл, эхнэр Болдын Даваажаргал нь “Kings Kids” Олон улсын сургуулийн химийн багшаар ажилладаг бол хүү Тэмүүжины Эрхэс нь “Kings Kids” Олон улсын сургуулийн 3 дугаар ангийн сурагч юм.

Онцгой байдлын албаны нэр хүндийг өндөрт өргөж “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” Олон улсын тэмцээний “Тэргүүн” байрт шалгаран, спортын бахдам амжилт гаргасан ахлах ахлагч Д.Тэмүүжинд болон тамирчин гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэж,  спортын улам өндөр амжилтыг ерөөе.