Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон говь, зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, төв, говь, зүүн аймгуудын зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11-нд говь, талын нутгаар 14-16 м/с, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 11-12-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хална.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын Майхант багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.09-ний өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар  хороо, “Оюутны өргөө-2” хотхоны гадна талбайд иргэн Т-гийн суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.09-ний өдрийн 14:34 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Ар-Бургалтай” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 12:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 45 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их-Ажир” гэдэг газар /Бугант тосгоноос зүүн урд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, нийт 24 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 14:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Бөхлөө голын-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 66 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 16:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 15 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Буянт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 18 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Дархан-Уул аймгийн 8 алба хаагч, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 16:29 цагт цурманд оруулж, 08.09-ний өдрийн 20:30 цагт бүрэн унтрааж, Байгаль орчны улсын байцаагчдад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Улаан булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, НОБГ-ын 25 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 79 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 08.09-ний өдрийн 20:30 цагт бүрэн унтрааж, Байгаль орчны улсын байцаагчдад хүлээлгэн өгсөн.

Хээрийн түймэр: Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Зэгст” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 40 иргэн, нийт 52 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 22:50 цагт бүрэн унтрааж Байгаль орчны улсын байцаагчдад хүлээлгэн өгсөн.

 4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Цагаан-Уул багийн “Овгор булан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 60 км-т/ иргэн Б /60 настай, эмэгтэй/ 08.07-ны өдрийн 23.00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 11:05 цагт хүлээн авч орон нутгийн 11 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Улаанчулуу” гэдэг газраас иргэн Б-г 17:45 цагт эсэн мэнд олсон.

Өндрөөс аврах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Содон хороололын “Сансар” худалдааны төвийн дээвэр дээр хүн унасан тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 00:46 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус хороололын оршин суугч О /34 настай, эрэгтэй/ худалдааны төвийн дээвэр дээр унаж нас барсан тул цогцсыг буулгаж  дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Хойд мэргэн шанаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т/ “Өгийнуур”-т  Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч иргэн Б /44 настай, эрэгтэй/ нуурын усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийслэлийн Аврах ангийн 3 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 20 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.10-ны өдрийн 00:50 цагт “Баяртын-Овоо” гэдэг газар /осолдсон газраас 300 м-н зайд/ нуурын эргээс цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Зэрлэгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 56 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км-т/ тус сумын харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/ “Үүр” голд усанд живсэн тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 17:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн  “Билүүт” гэдэг газар /аймгаас 292 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ ОХУ-аас аялалаар явсан 20 хүн /5 автомашинтай/-ээс Москва хотын харъяат иргэн А /46 настай, эрэгтэй/ 08.05-ны өдрийн 17:00 цагт “Баяннуур”-т усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 10:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Ө.Болдоор ахлуулсан 13 алба хаагч, Цагдаагийн газрын 8 алба хаагч, орон нутгийн 3 иргэн, нийт 24 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр нуурын эргийн дагуу автомашинтай болон явганаар 12 км газар хайж, нуурын усанд 4-6 км тор тавих, зангуу чирэх, давалгаа үүсгэх аргуудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Дэвшил” гэдэг газар /сумын төвөөс 28 км-т/ иргэн Б-гийн 09-34 ӨВА улсын дугаартай “Харрейр” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин “Онги” голын усанд суусан тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 10:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Ч /37 настай, эмэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/, Ц /16 настай, эмэгтэй/, Б /12 настай, эмэгтэй/ нарыг аварч, автомашиныг голоос татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР