Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн чуулган эхэллээ

0

Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо 2017 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ”Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн хөтөлбөрийн 5 дугаар чуулган”-ны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэхүү өндөр ач холбогдол бүхий чуулганд нийт 180 гаруй улс орны 6000 гаруй төлөөлөгч оролцож, үндсэн болон салбар хуралдаан нийт 60 гаруй арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал энэ өдөр “Сендайн үйл ажиллагааны хүрээ хөтөлбөрийн мониторинг”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах даатгалын хэрэгсэл” хэлэлцүүлгүүд өрнөж, албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж. Мохаммед, Мексикийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Энрике Пиено Нето оролцлоо.

Мексикийн Нэгдсэн Улсын Дотоод хэргийн яамны харьяа Иргэний хамгаалалтын газрын мэдээлснээр 25 сая хүн амтай Мексик Улсад 2012 оноос хойш буюу сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 200 гаруй аюулт үзэгдэл, гамшиг тохиолдож, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалж эдийн засаг, ард иргэдийн амжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолж байлаа. 

Энэ улсын нийслэл Мехико хотод 1985 онд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 65000 орчим хүн нас барсан гашуун туршлагатай.

Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд У. Хүрэлсүх, Онцгой байдлын ерөнхий газрын дарга бригадын генерал Т.Бадрал, Шадар сайдын онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга хошууч Д.Баасансүрэн, мөн төрийн бус байгууллагыг төлөөлж Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын гамшгийн багийн удирдагч Б.Ванчиндорж нар оролцож байна.

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид гамшгаас хамгаалах салбар дахь олон улсын хамтын ажиллагаа, эрт зарлан мэдээлэх болон эрсдэлийн мэдээлэл, гамшгийн эрсдэлийг бууруулахад хувийн хэвшлийн оролцоо, эрсдэлийн болон хохиролын мэдээлэл зэрэг өргөтгөсөн хэлэлцүүлгүүдэд оролцож Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоонд гарсан шинэчлэл, 2018 онд Монгол Улсад зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын талаар мэдээлэл хийлээ.

Чуулганд дэлхийн болон Азийн бүсийн өндөр түвшний олон төлөөлөгчид ирсэнээс дурьдвал Армени Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Австралийн Холбооны Улсын Олон улсын хөгжлийн сайд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн яамны Төрийн сайд, БНХАУ-ын Иргэний хэргийн дэд Жао Ши Гү, Тайланд Улсын Дотоод хэргийн сайд Анупон Паужинда, Киргизстан Улсын Шадар сайд Жениш Разаков зэрэг өндөр албаны олон төлөөлөгчид оролцлоо.

Чуулганы үйл ажиллагаа дараагийн хоёр өдөр үргэлжилж, тулгамдаж буй олон асуудлыг тойрч хэлэлцүүлэг, уулзалтууд зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.