Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэнтэйн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 25-30 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 05 дугаар сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын Бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Ар шуудуу” гэдэг газар малчин А-гийн 43 хурганд 2017.05.03-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.06-ны өдрийн 17-967 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр:

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн дээд  хийд” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 16 км-т/ ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.10-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын  газрын 19 албан хаагч, ЗХ-ний 234 дүгээр ангийн 10 албан хаагч, орон нутгийн 46 иргэн, нийт 75 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 05.10-ны өдрийн 22:35 цагт цурманд оруулан 05.11-ний өдрийн 14:00 цагт түймрийг бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн “Цуурай хилийн харуул” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 83 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.11-ний өдрийн 17:28 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын  газрын 12 албан хаагч, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн 32 албан хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 70 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23:01 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн Цагдаагийн хэлтсийн баруун талд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.11-ний өдрийн 08:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.11-ний өдрийн 09:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутагт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.11-ний өдрийн 10:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн автобусны буудлын зүүн талд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.11-ний өдрийн 18:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР