Нийслэлийн Онцгой байдлын газар түүхэн музейтэй боллоо

0

   Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр түүхэн музейн нээлтээ хийж, анхны  зочдоо хүлээн авлаа. Музейд  нийслэлийн Онцгой байдлын газрын үе, үеийн удирдлагуудын хөрөг зургаас эхлээд  тус газрын түүхэн замналыг харуулсан  гэрэл зураг, баримт  бичиг,  эд  материал, алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан багаж,  хэрэгсэл, болоод гавьяа шагналын цуглуулга зэргийг дэлгэсэн байна.

  Түүнчлэн алба  хаагчдын  хувийн цуглуулгаас музейн сан  хөмрөгөө  баяжуулжээ.  Онцгой байдлын албаны музейн хувьд бусад төрлийн музейнүүдээс өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тухайлбал, гамшиг  осол, аюулт үзэгдэл, үйл явдлын агшинг буулгасан гэрэл  зураг гэхэд дахин давтагдашгүй, цаг хугацааны үнэт түүх, сургамжийг агуулсан байдаг байна. Түүнчлэн тус албанд хэрэглэгдэж байсан багаж хэрэгслүүдээс л гэхэд хөгжил дэвшлийг харж болохоороо онцлогтой.

Тэр ч  үүднээс  нийслэлийн аврагчдын хэрэглэж  байсан  модон  шат музейн үзмэрийн нэг содон хэсэг болсон байлаа.

   Музейн нээлтэнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, даргын зөвлөлийн гишүүд болон нийслэлийн Онцгой байдлын газрын үе, үеийн удирдлагууд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.