Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 13-15-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охьхөндий багт малын саравч, 100 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд орцны жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 02:46 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус хороонд оршин суугч иргэн Б /31 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 12:42 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 13:34 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 14:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Үйлдвэрлэлийн осол:

Бичил уурхайн осол: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Цагаан шонхор” ХХК-ийн эзэмшлийн талбайд иргэн Б-гийн нүүрсний бичил уурхайд нүүрс олборлож байсан 1 хүн гарч ирэхгүй удсан тул шалгаж өгнө үү гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 11:24 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус дүүргийн 3 дугаар хороонд оршин суугч иргэн Б /24 настай, эрэгтэй/ тус уурхайн 110 метрийн гүнд агааргүйдэж /агаар дахь хүчилтөрөгчийн агууламж 20 хувь/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР