Хүмүүнлэгийн тусламж Завхан аймгийн таван сумын малчдад хүрнэ

0

Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-гийн Улаанбаатар хот дах хөтөлбөр зохицуулалтын газар хооронд хүмүүнлэгийн тусламжийн тухай хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр боллоо.
Хамтын ажиллагааны протоколд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, (ТИКА)-гийн Улаанбаатар хот дах хөтөлбөр зохицуулалтын газрын хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чивтжи нар гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-гаас хандивлаж буй 60 сая төгрөгийн үнэ бүхий 60 гаруй тонн өвс, 100 гаруй тонн тэжээлийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгч байгаа юм.
Энэхүү хүмүүнлэгийн тусламж нь өвөлжилт хамгийн ихээр хүндэрч, улмаар хаваржилтын нөхцөл байдал хүндрээд байгаа Завхан аймгийн Баянтэс, Тэс, Отгон, Баянхайрхан, Яруу зэрэг зудад нэрвэгдсэн сумдын малчдад хүрнэ.
Онцгой байдлын ерөнхий газар нь 2005 оноос эхлэн Турк улсын (ТИКА) хамтын ажиллагаа зохицуулах агентлагтай Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, гамшгийн хор уршгийг арилгах, албан хаагчдыг сургаж, дадлагажуулах, хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажилласаар ирсэн.
Турк Улсын Засгийн газар нь 2009-2010 онд Монгол Улсад тохиолдсон зудын гамшгийн үеэр хүмүүнлэгийн бараа материалыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгч байсан юм.

9X1A19819X1A1998