-Хүн аливаа зүйлд тууштай, хичээл, зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж чадвал амжилт өөрөө ирдэг. Тухайн амжилт нь хамтын хүч, гэр бүлийн хайр, хэн нэгний итгэл бас сэтгэл дээр тогтдог онцлогтой. Монгол хүн болж, Онцгой байдлын байгууллагад ажиллаж, Монгол улсын самбо, жудо, жюү жицү, кураш бөхийн холбооны гэр бүлд багтдагтаа бахархдаг хэмээн ярих Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан nematimes булангийн өнөөдрийн зочин.

-Миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Гурван хүүхэдтэй айлын отгон хүүхэд. Сумынхаа ерөнхий боловсролын 10 жилийн III сургуулийг төгсөж, 2009 онд Батлан хамгаалахын их сургуульд Цэргийн командын сургуулийг менежмент, төрийн захиргааны мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгссөн жилээ аврагч-гал сөнөөгч бэлтгэх сургалтад хамрагдаж, Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангид аврагч-гал сөнөөгчөөр томилогдож байлаа. Улмаар 2014 онд тус ангидаа салааны захирагч, 2022 оноос Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 2019 онд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийг “Онцгой байдал, гамшгаас хамгаалах алба” мэргэжлээр төгсөж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн.

-Хил хамгаалах байгууллагад 27 жил ажилласан ахынхаа дүрэмт хувцас, алхаа гишгээ, өөртөө итгэлтэй байдал гээд маш олон зүйлд татагдаж, цэргийн хүн болох мөрөөдлийг тээж байлаа. Мөн Сүхбаатар сумын Салхитын ам гэдэг газар ангийн болон байрны найзуудтайгаа барилдаж, хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглож өссөн минь спортын олон төрөлтөөр хичээллэх суурь болсон. Хүний өссөн орчин, найзуудын хүрээлэл, гэр бүлийн дэмжлэг, өөрийн хичээл зүтгэл бол амьдралын утга учрыг илтгэдэг юм байна.

-Ажиллах хугацаандаа монгол оронд зонхилон тохиолдог бүх төрлийн гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, ахуйн хүрээний 252 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 976.5 сая төгрөгийн эд хөрөнгө, зам тээврийн ослын 60 гаруй дуудлагаар 240 гаруй иргэнийг аварч, эмнэлгийн тусламж үзүүлж, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 116 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагаанд оролцож, үер, ус, төөрсөн сураггүй болсон, цасанд суусан зэрэг 102 удаагийн дуудлагад үүрэг гүйцэтгэхдээ 40 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан.

-Ажил, үүргийн дагуу Мандал, Баянгол, сумын 5670 гаруй айл өрхөд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтад хийж, илэрсэн зөрчлийн 90 хувийг арилгуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн 489 обьект, аж ахуйн нэгж, байгууллагад гамшгаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг зохион байгуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, холбогдох хуулийн дагуу арга хэмжээг тооцож, ажилласан. Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хүрээнд 17 сумын Засаг даргын тамгын газар, мэргэжлийн анги, томоохон аж ахуй нэгж байгууллагуудад бэлэн байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, заавар өгч бэлэн байдлыг хангуулан ажилладаг онцлогтой.

-Жудо, самбо байлдааны самбо жюү жицү кураш бөхөөр 2000 оноос хойш тогтмол хичээллэж, аймаг бүс, улс, олон улсын тэмцээнээс 50 гаруй медаль хүртсэн байна. Тухайлбал, ОХУ-д болсон спорт самбо байлдааны самбо цэргийн тусгай бэлтгэлийн тэмцээнээс мөнгө, хүрэл медаль, 2018 онд Улаанбаатар хотноо болсон Жюү жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2024 онд Улаанбаатар хотноо болсон кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, 2025 онд Кураш бөхийн олон улсын спортын мастер цол хүртсэн. Монгол улсын самбо бөхийн спортын мастер цолтой. Энэ бүхэн бол миний хобби бас зорилго минь. Бие бялдрын хөгжил бол сэтгэлзүйгээ удирдах хамгийн том “сэтгэлзүйч” болдог.
.jpg)
-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний ханийг Э.Мөнхсарнай гэдэг. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст эмчээр ажилладаг, цагдаагийн дэслэгч цолтой. Том охин Э.Есүй Мандал сумын ерөнхий боловсролын III сургуулийн V ангийн сурагч, бага охин Э.Хэрлэн I ангид суралцдаг. Анх гэргийтэйгээ элсэлтийн ерөнхий шалгалтаа өгчхөөд буцаж явахдаа галт тэргэнд танилцаж байлаа. Хоёулаа тангараг өргөсөн, мөрдэстэй алба хаагчид учраас бие биенээ сайн ойлгож, дэмждэг. Гэр бүлээрээ, ажил, мэргэжлээрээ, спортын гаргасан амжилтаараа гээд хүнд бахархах зүйл олон. Хамгийн гол нь тууштай байдал, хичээл зүтгэл, хамтын хүч хамгийн чухал гэдгийг ойлгуулсан.

2026/05/20
Шинэ мэдээ“Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.
2026/05/20
Шинэ мэдээ-Хүн аливаа зүйлд тууштай, хичээл, зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж чадвал амжилт өөрөө ирдэг. Тухайн амжилт нь хамтын хүч, гэр бүлийн хайр, хэн нэгний итгэл бас сэтгэл дээр тогтдог онцлогтой. Монгол хүн болж, Онцгой байдлын байгууллагад ажиллаж, Монгол улсын самбо, жудо, жюү жицү, кураш бөхийн холбооны гэр бүлд багтдагтаа бахархдаг хэмээн ярих Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан nematimes булангийн өнөөдрийн зочин.
2026/05/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ