Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 19 суманд 4 мм, Баян-Өлгий аймгийн 1 суманд 2 мм, Завхан аймгийн 2 суманд 2 мм, Ховд аймгийн 1 суманд 14 мм бороо орсон. Завхан аймгийн 11 суманд 0.1 мм-1.2 мм, Ховд аймгийн 10 суманд 0.1 мм-7 мм, Хөвсгөл аймгийн нийт нутагаар цас орсон. Ховд аймгийн нийт нутгаар 13-18 м/с цасаар шуурсан. Өвөрхангай аймгийн нийт нутгаар 4-13 м/с салхи салхилсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод:  Үүл багасна, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өмнөх өдрөөс 11 градусаар сэрүүсэж +10...+12 градус дулаан байна.

Төлөв байдал:  05 дугаар сарын 01-нд Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 02-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 04-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 5 дугаар сарын 1, 2-нд тал, хээрийн нутгаар, 4-нд нутгийн баруун хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +12...+17 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 10:15 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Архангай аймаг, Эрдэнэбулган Наранбулаг баг хашаа шатаж байна гэсэн   дуудлагыг 04.29-ний өдрийн 14:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 10х7 метрийн хэмжээтэй хашааны зүүн талын 4 метрийн хэсэг, 0.4 га талбайд шар өвс, иргэн О-ийн 10х10 метрийн хэмжээтэй хашааны  0.7 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 15:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй хашаа шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 14х10 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Тарагт сум Арвайн тал багийн “Морины шүтээн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 16 км-т, сумын төвөөс урд зүгт 18 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 00:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн  “Sonota-6” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр:

- Ойн түймэр: Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Чичин багийн “Чичин” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км, сумаас баруун урд зүгт 20 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 17:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн нийт 72 хүн, 10 автомашин, 20 мотоциклтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 04.28-ны өдрийн 18:55 цагт цурамд оруулсан бөгөөд 04.29-ний өдрийн 10:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 391 га ойн талбай өртөж шатсан.

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Цагаанбэлчир багийн “Бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр анги, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн нийт 70 хүн, 8 автомашин, 10 мотоцикл, 6 морьтой 2 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 04.29-ний өдрийн 15:56 цагт цурманд оруулсан. 

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Цагаанбэлчир багийн "Нам-Улаан" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 135 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/   Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.29-ний өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар,  аймгийн Цагдаагийн газар, сумын мэргэжлийн ангийн  нийт 51 хүн, 5 автомашин, 12 мотоциклтой ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Харганат” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 188 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ Ойн түймэр гарсан тухай 04.29-ний өдрийн 17:50 цагт  firms.modaps.eosdis.nasa.gov,ICC.mn сайтад илэрсэн. Тус сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Дорнод аймаг, Булган сум Баян-Уул багийн "Хадан хөв" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 60 км-т, сумын төвөөс урд зүгт 50 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.29-ний өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Булган, Баянтүмэн, Хэрлэн сумын мэргэжлийн ангийн нийт 131 хүн, 25 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 04.30-ны өдрийн 01:00 цагт цурманд оруулсан.Урьдчилсан байдлаар 130.000 га талбай өртсөн байна. 

Дорнод аймаг, Чулуунхороот сум (Эрээнцав) Цагаанчулуут багийн "Чулуут-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс урд зүгт 45 км-т/  Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.29-ний өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар,  сумын мэргэжлийн анги, Чойбалсан, Дашбалбар сумын мэргэжлийн ангийн нийт 48 хүн, 7 автомашинтай хээрийн түймрийг унтрахаар ажиллаж 04.30-ны өдрийн 02:58 цагт цурамд оруулсан.

Хэнтий аймаг, Норовлин сум Онон багийн “Шиврийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км-т/  Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.29-ний өдрийн 15:58 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь 42 дугаар анги, Баян-Адарга сум дахь Эрэн хайх аврах салбар, сумын мэргэжлийн ангийн нийт 33 хүн, 3 автомашинтай ажиллаж 04.29-ний өдрийн 19:44 цагт цурманд оруулсан. 

Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум Агар багийн “Нурангатын-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:48 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн нийт 26 хүн, 3 автомашин, 2 мотоциклтой ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 04.28-ны өдрийн 00:35 цагт цурамд оруулж, 04.29-ний өдрийн  15:50 цагт  бүрэн унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ганцхан цог хэмжээлшгүй хохирол учруулдаг

Энэ мэт ой, хээрийн гал түймрийн дуудлага онцгой байдлын байгууллагад “цурам хийх завгүй” ирсээр. Сүүлийн жилүүдэд ой хээрийн түймрийн тоо эрс нэмэгдэж, түүний дийлэнх нь хүний болгоомжгүй үйлдлээс үүдэж байна. Ганц очноос ноцсон аюул эрчээ аван тархаж, байгаль орчин төдийгүй хүний амь нас, эд хөрөнгөд хэмжээлшгүй хохирол учруулсаар байна.

Аливаа үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая

Тус хяналтын хуудсанд хандаж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлаа шалгах боломж бүрдсэн юм. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ