Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баруун аймгуудын зарим нутгаар 8-15м/сек салхитай. Архангай, Булган, Баянхонгор, Говьсүмбэр Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, аймгууд мөн Улаанбаатар хот орчмоор бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Бусад хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна. Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +8…+13 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор +18...+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно, салхи баруун зүүн хойноос секундэд 7-12 метр, +6…+8 градус дулаан байна.
Төлөв байдал: 16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 14, 15-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур 15-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +12...+17 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна.
Гал түймэр:
Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт хураалгаатай банз шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 07:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 5 ханатай гэр, хураалгаатай байсан банз шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 08:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 11x6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 12:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд хог шатаж байна гэсэн 05.15-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 1 дүгээр хороонд цахилгаан хэрэгсэл шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 13:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн орон сууцны байранд угаалгын машин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 15:36 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багт цахилгаан хэрэгсэл шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 18:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход түрээслэгч Ц-гийн өрөөнд индүү шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 19:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д 3х5 метрийн хэмжээтэй амбаар, 6 метр урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 20:11 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х6 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, Ерөө сумын Мэргэжлийн ангийхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн “Хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 18:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Чойбалсан сумын мэргэжлийн анги, Минжүүрийн уурхайн ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 22:30 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 720 га хээрийн талбай шатсан.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн “Талын хайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 428 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 94 км-т/ 05.15-ны өдрийн 19:00 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар 19:12 цагт ирүүлсэн. Гоёот багийн Засаг даргаас тодруулахад тухайн газар айл өрх нутагладаггүй бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн "Бага баянгийн тал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд 355 км-т, сумын төвөөс урд зүгт 45 км-т/ 2 ачааны автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Шаанхи шакман SX4255JV344" зүтгүүр, "Норд бенз-ND4260" зүтгүүртэй мөргөлдөж иргэн Ш /44 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг 19:08 цагт эсэн мэнд гаргаж сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/05/16
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2025/05/16
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/05/16
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ