Хотын гамшгийг даван туулах чадавхын үнэлгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүн хойд Азийн бүсийн төв, Глобал боловсрол, сургалтын хүрээлэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран “Хотын гамшгийг даван туулах чадавхын үнэлгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах” сургагч багш бэлтгэх сургалтыг  энэ сарын 08-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүн хойд Азийн бүсийн төв, Глобал боловсрол, сургалтын хүрээлэнгийн дарга Санжаяа Бхатиа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо.

Нээлтийн үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ, дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, хотжилтын эрчимжилт, хүн амын төвлөрөл зэрэг олон сорилттой нүүр тулж байгаа энэ үед гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал нь зөвхөн хариу арга хэмжээ бус, хөгжлийн бодлого, хот төлөвлөлт, хүний эрхийн асуудал болсныг онцоллоо. Мөн Монгол Улсад сүүлийн жилүүдэд ой, хээрийн түймэр, үер, зуд, хүчтэй салхи шуурга зэрэг аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Гамшиг хүн бүрд ижил нөлөө үзүүлдэггүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэд зэрэг эмзэг бүлгийн иргэд гамшгийн үед илүү өндөр эрсдэлд өртдөг болохыг дурдсан юм. Иймээс гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлт, сургалт, мэдээлэл, нүүлгэн шилжүүлэлт, сэргээн босголтын бүх үе шатанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжийг хангах нь чухал болохыг онцоллоо.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Хотын аюул, гамшгийн эрсдэл нь иргэн бүрд нөлөөлдөг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүндрэлтэй нөхцөл үүсгэдэг. Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хийтэй холбоотой осол түгээмэл гардаг боловч угаарын хийн дохиоллыг сонсголын бэрхшээлтэй иргэд мэдрэх боломж хязгаарлагдмал байдаг. Мөн гамшгийн зарлан мэдээллийн дохионы үед тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд богино хугацаанд аюулгүй бүсэд шилжин гарахад хүндрэлтэй байдаг зэрэг бодит бэрхшээлүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцсэн хүртээмжтэй шийдлийг гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, сургалт, бэлэн байдлын арга хэмжээнд тусгах, энэ чиглэлээр иргэдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалтыг тогтмол зохион байгуулах нь өндөр ач холбогдолтой" хэмээн онцолсон юм.

Ноён Санжаяа Бхати  "Энэхүү сургалт нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Сургалтаар дамжуулан орон нутгийн засаг захиргаа, онцгой байдлын байгууллага, хот төлөвлөлт, нийгмийн хамгааллын салбарын мэргэжилтнүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй түвшинд хүргэх, цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлтийг орон нутагт хэрэгжүүлэх сургагч багш нарын чадавхыг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сургалтын хүрээнд оролцогчид хот, суурин газрын гамшгийн тэсвэржилтийн өнөөгийн байдлыг үнэлэх, эрсдэл, сул талыг тодорхойлох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодлого, төлөвлөлтөд тусгах, үнэлгээний үр дүнд тулгуурлан хөгжлийн болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах арга зүйг эзэмших юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хотын гамшгийг даван туулах чадавхын үнэлгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

Сургалтын хүрээнд оролцогчид хот, суурин газрын гамшгийн тэсвэржилтийн өнөөгийн байдлыг үнэлэх, эрсдэл, сул талыг тодорхойлох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодлого, төлөвлөлтөд тусгах, үнэлгээний үр дүнд тулгуурлан хөгжлийн болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах арга зүйг эзэмших юм.

Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Нийт дуудлагын 74 нь обьектын гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

"Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг  хэрэгжүүлэх нэгжид ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.