Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Би Завхан аймгийн Улиастай хотод төрсөн.
Бага байхын л цэргийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд 2014 онд Эрдэнэтийн 186 дугаар мото буудлагын ангид хугацаат цэргийн алба хаагаад, 2016 онд Онцгой байдлын албанд дэд ахлагч цолтойгоор хөл тавьж байлаа.
Энэ мэргэжлээрээ маш их бахархдаг. Оролцсон томоохон ажиллагаанаас дурдвал, 2019 онд "Эко-Алтан заамар" компанийн нурангиас эрэн хайх, аврах ажиллагаанд, 2023 онд Бүгд Найрамдах Турк Улсад болсон газар хөдлөлтөд аврагчаар, 2021-2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжсэн Хөвсгөл нуураас машин, техник татан гаргах ажиллагаанд тус тус оролцжээ.
Хөвсгөл нуурыг цэвэрлэх анхны ажиллагаагаар 1985 онд живсэн "Сүхбаатар" хөлөг онгоцыг татан гаргаж байв. Тэр үед шумбагчаар ажилласан. Олон хоног үргэлжилсэн ажиллагаа болсон, 56 хоносон шиг санагдана. Сүүлдээ нуур зайрмагтаад шумбахад хүндхэн болж ирсэн. Тэр ажиллагаанаас л их юм сурсан.
Ажиллагаа дууссаны дараа жил нь Монголд анх удаа усны дроныг оруулж ирэхээр болж, Франц Улс руу сургалтад явсан. Ингэснээр онцгой байдлын албанд шинэ техник технологи нэвтэрч байгаа юм. Түүний зэрэгцээ шумбагчийн ажлыг маш их хөнгөвчилсөн.
Түүний дараагаас эхлэн дроны оператороор ажиллах болсон. Дрон маань Хөвсгөл нуурын хамгийн гүн болох 262.4 м-т хүрч ажиллах хүчин чадалтай. Ажиллагааны үед санууштай, бодууштай, үл мартагдах зөндөө үйл явдал болно. Тэдгээр дотроос 2023 оны зургаадугаар сарын 28-ныг ер мартдаггүй. Анх аав болсон өдөр. Эхнэр маань хотод төрөх гээд байдаг. Хөвсгөлд манай баг эхнийхээ техникийг гаргах гээд байдаг. Тэр өдөр манай баг трактор татан гаргаж байлаа.
Хөвсгөл нуурын бүх татан гаргах ажиллагаа амжилттай үргэлжилж дууссан. Албандаа одоо Тэргүүн ахлагч цолтой удирдлагын түвшинд үүрэг гүйцэтгэж байна. Маш хариуцлагатай ажил. Манай хамт олон намайг чадна л гэж бодож энэ албан тушаалд тавьсан байх. Тиймээс урьд өмнөхөөсөө илүү хичээл зүтгэл гаргаж, эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэх болно оо.
Монгол Улсын төлөө зүтгэе. Тэргүүн ахлагч Э.Нэргүйбаатар
Эх сурвалж: montsame.mn
2026/05/25
Шинэ мэдээАялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.
2026/05/25
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2026/05/25
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.