Ц.Эрдэнэбаатар: Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист хүрээгүй газар, үүрэг гүйцэтгээгүй аймаг гэж байхгүй

A- A A+

Шуурхай бөгөөд найдвартай, хүн бүрийн арыг дааж, аюулгүй ажиллагааг хангадаг хүмүүс бол жолооч нар. Тэднийхээ ур чадвар, сэтгэлийн жолоогоор ажил, үйлсээ бүтээж, авран хамгаалах ажиллагааг зохион байгуулдаг онцлогтой. Урт замын, олон хоногийн томилолтыг “нугалж”, зорьсон хэргээ бүтээгээд харих зам хамгийн сайн нь. Ийм л эгэлгүй мөртлөө энгийн тэр л алба хаагчдын төлөөлөл ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн шуурхай албаны жолооч, ахлах ахлагч Ц.Эрдэнэбаатар бол nematimes ярицлагын булангийн өнөөдрийн зочин.

-Миний бие Улаанбаатар хотын уугуул. Ерөнхий боловсролын 56 дугаар сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, Техникийн их сургуулийг автын инженер мэргэжлээр төгссөн. Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ шуурхай ажлын автомашины жолоочоор ажиллаж байна. Ажиллах хугацаандаа гамшиг, оюулт үзэгдэл, ослын 200 орчим удаагийн дуудлагаар голомтод үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнийг техникийн сааталгүй, осолгүй тээвэрлэн хүргэх үүргийг гүйцэтгэсэн.

-Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист хүрээгүй газар, үүрэг гүйцэтгээгүй аймаг гэж байхгүй. Алба хаагчид хаана очиж үүрэг гүйцэтгэнэ. Тэнд хамт ажилладаг нь миний ажлын онцлог. Жилдээ дунджаар 12 удаа томилолтоор явж, нэг удаадаа 5-25 хоног хүртэлх хугацаанд ажилладаг. Тухайн алба хаагчдын хүрэх газар, очих орон нутаг харилцан адилгүй учраас хугацааны хувьд ялгаатай. Жилдээ дунджаар 40.000 км буюу ажиллах хугацаандаа 600.000 гаруй км замыг туулсан. Энэ нь дэлхийг 15 удаа тойрсонтой тэнцдэг юм байна.

-Тухайлбал, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн орон нутагт тусламжийн бараа материал, өвс тэжээлийг хүргэх ажиллагаанд 20 гаруй хоног, 2021 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд 39 хоног ажилласан. Мөн дэлхий нийтийг хамарсан коронавируст (КОВИД-19) цар тахлын улмаас нийслэлд хөл хорио тогтоож гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн зам, талбайд автомашин болон явган зорчигчийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, хяналт тавих үүрэг бүхий хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 60 гаруй өдөр гүйцэтгэсэн байна.

-Онцгой байдлын байгууллагаас төв, орон нутгийн Онцгой байдлын газар хэлтэс, анги, салбарт зохион байгуулдаг дотоодын сургалт дадлага, аймаг, орон нутгийн хэмжээний гамшгаас хамгаалах иж бүрэн команд штабын сургууль, “Говийн чоно” олон улсын дадлага сургууль гээд бүх төрлийн сургалтын үйл ажиллагаа болон бусад арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүргэх шуурхай албаны жолоочийн үүргийг мөн гүйцэтгэдэг.

-Тухайн хүргэх бараа материал, гамшиг, ослын голомт, орон нутагт ажиллах томилолт гээд нөхцөл байдлаас шалтгаалаад “хөлөглөх” тээврийн хэрэгслүүд өөр, өөр. Хол ч бай, ойр ч бай тухайн газарт хүрэх зам харгуй, бартаа, саад бүр жолооч хүний ур чадварыг “харуулж” байдаг онцлогтой. Онцгой байдлын алба бол хариуцлага өндөртэй ч буцаад хүртэх үр шим нь хэмжээлшгүй аз жаргалыг “бэлэглэдэг”. Хэн нэгнээс сонсох баяр, талархлын үг, итгэл найдвар бол юугаар ч хэмжээлшгүй нь энэ албаны үнэ цэнэ гэж ойлгодог.

-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Сэтгэлзүйн тайван, амгалан байдал бол хамгийн чухал нь. Энэ чанар маань ч алба хаагчдын итгэл найдварыг хүлээдэг гэж боддог. Үүрэг гүйцэтгэх, хөдөө орон нутагт олон хоногоор томилолтоор явах гээд бүхий л ар талыг  дааж, үргэлж дэмждэг ханьдаа болон хүүхдүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Хаана ч зориод очсон тосоод угтдаг, зөвлөгөө мэдээллээ харамгүй илгээж, баяр, талархлын үгээр мялаадаг нийт ажилтан, алба хаагч та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа та нартаа.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ц.Эрдэнэбаатар: Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист хүрээгүй газар, үүрэг гүйцэтгээгүй аймаг гэж байхгүй

Ийм л эгэлгүй мөртлөө энгийн тэр л алба хаагчдын төлөөлөл ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн шуурхай албаны жолооч, ахлах ахлагч Ц.Эрдэнэбаатар бол nematimes ярицлагын булангийн өнөөдрийн зочин.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Салбарын тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшиг, аюулт үзэгдэл, ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, техник, тоног төхөөрөмжтэй танилцлаа.