Н.Тэмүүжин: Айдас бол шалгалт. Амжилт бол түүнийг давах хүч

A- A A+

Эр зориг, эрч хүч, эрэмгий байдал энэ бүгд алба хаагчдын “тодорхойлолт”. Өдөр бүр хэн нэгний амь насыг хамгаалах их үйлсийн төлөө зүрх сэтгэл, итгэл найдвараа зориулдаг тэд энэ удаад бие биетэйгээ өрсөлдөж, өөрийгөө “ялсан” нь “Тэсвэр-2026” марш тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Орчин цагийн Онцгой байдлын албаны 22 жилийн хугацаанд анхны хэмээх тодотголтой тус тэмцээний шилдэг аврагчаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин аврагч, ахлагч Н.Тэмүүжин тодорсон юм. Даруухан хэрнээ дайчин, энгийн хэрнээ эгэлгүй аврагчдын төлөөлөл түүнийг энэ удаагийн nematimes булан онцолж байна. 

-Миний бие Төв аймгийн Баянчандмань суманд төрж, өссөн. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар сургууль, сумынхаа политехникийн коллежид суралцаж, төгсөөд 2020 онд Зэвсэгт хүчний 032 дугаар Хүндэт харуулын ангид цэргийн алба хаасан. Онцгой байдлын албанд 4 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Шувуу мэт дүүлэн нисч, хүн, малын мөр хүрээгүй хязгааргүй орон зайд хөл тавьж, хэний ч анзаараагүй тэр их аз жаргалын мэдрэмж бол шүхэрчин аврагчийн онцлог. Онцгой байдлын албаны шүхэрчин аврагчдын нэг болснооороо үргэлж бахархаж, энэ сайхан алдар нэрээ өндөрт өргөхийн төлөө өдөр бүр хичээж байна. 

-Хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө цаг наргүй, эрсдэл бүхний өөдөөс нэг л зорилгоор нэгддэг эх орныхоо өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчидтайгаа өрсөлдөж, “Шилдэг аврагч” болсон минь нэр төрийн хэрэг байлаа. Энэ бол бидний өдөр тутмын ажиллагаа, бэлтгэл, бэлэн байдал, итгэл, эр зориг, баяр, бахдал, байнгын дадлага, сургуулийн илэрхийлэл гэж бодож байна. Миний бие 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит марш-тактик тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд Онцгой байдлын албаа төлөөлөн оролцсон баг тамирчдынхаа хамтаар  хүрэл медаль, мөн онд Онцгой байдлын албаны аварга шалгаруулах олон төрөлт тэмцээний туухай өргөлтийн төрөлд алтан медалийг хүртэж, 2025 онд туухай өргөлтийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын албыг төлөөлөн оролцож, -85 кг жинд тусгай байрт шалгарсан амжилттай.

-Бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэл бол бидний ажлын онцлог шалгууруудын нэг. Тиймээс 2021 оноос хойш туухай өргөлтийн спортоор хичээллэж байна. Гар бөмбөг тоглодог, сонирхлоороо үндэсний бөхөөр барилддаг.  Ангийн болоод алба, бүс, улсын хэмжээнд зохион байгуулагддаг тэмцээн, уралдаануудад тогтмол оролцож, өөрийгөө сорьж, цаашдын амжилтынхаа буухиаг бататгаж байна. Айдас бол шалгалт. Амжилт бол түүнийг давах хүч гэж хэлэх дуртай. Чадах болов уу гэх айдсаар өөрийгөө түлхэлгүй бүхий л хүч, зориг, хүсэл мөрөөдлөөрөө урагшаа тэмүүлдэг байх нь хамгийн зөв зам гэдгийг ойлгосон.

-Улсын хэмжээнд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүхий л төрлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэдэг нь манай Үндэсний аврах бригадын онцлог. Өнгөрсөн 2025 онд гэхэд Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Зүүнбүрэн, Баруунхараа, Цагааннуур, Түшиг, Хушаат сумдад гарсан ой, хээрийн түймэрт  65 хоног үүрэг гүйцэтгэж, 10 айлын өвөлжөө хаваржаа, 6900 орчим малыг түймрийн аюулаас авран хамгаалсан. Мөн нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт тохиолдсон үерийн гамшгийн голомтод 12 хоног үүрэг гүйцэтгэж, 8 айлын гэр нүүлгэж, 46 айлын хашааны 12 тонн шавар лагийг цэвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

-Үндсэн үүргийн дагуу шүхрийн хавар, намрын дадлага сургуулиар шүхрийн буулт хийж, ур чадвараа дээшлүүлж байна. Мөн Өнгөрөгч 2025 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны сургалт”-д 14 хоног, он гарсаар эрэн хайх, аврах салбарын бассейны сургалтад 30 хоног тус тус хамрагдаж, бэлтгэл, бэлэн байдал, сэтгэлзүй, үүрэг гүйцэтгэх чадавхаа нэмэгдүүлсэн. Онцгой байдлын алба бол багийн хамтын ажиллагаан дээр тогтдог ч хувь хүний хариуцлага, бэлтгэл, чадвар хамгийн чухал гэж боддог.

  -Бусдын төлөөх чин сэтгэл, хайр, итгэл, найдварын дөлийг Онцгой байдлын алба хэмээх гэр бүлээс олж авсан. Миний бахархал, амжилтын түлхүүр, алдар хүндийн минь эхлэл бас төгсгөл бол миний алба, мэргэжил минь. Нэгэн зорилгын төлөө хамтран зүтгэгч нийт ажилтан, алба хаагч та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

                                                                                               

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Энэ үед мал аж ахуйн салбарт ямаа самнах, мал төллөх, отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил эрчимтэй явагдаж байгаа тул малчид, иргэд та бүхэн цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон зөвлөж байна. 

Залуу офицеруудын хөгжлийн жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд офицеруудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн хөгжлийг дэмжих, нийгмийн идэвх оролцоог өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, бусдад үлгэрлэн манлайлах чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Хүүхдийн дуу хоолойг сонсох өдөр

Монгол улс Олон улсын Хүүхдийн тусламжийн утас (Child helpline international)-ны байгууллагын гишүүн орон бөгөөд дэлхийн 168 улсад хүүхдийн тусламжийн 173 утас ажилладаг байна.