“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, бусдын төлөөх тангарагаараа бахархаж, итгэл, зүтгэлээ зориулж яваа эгэлгүй олон аврагчийн төлөөлөл ахлах ахлагч Баяраагийн Мөнхнасан nematimes булангийн энэ удаагийн зочин. Тэрээр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангид аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байна. Түүний хувьд өнгөрөгч 2025 оны Онцгой байдлын байгууллагын “Онцгой гавьяа” байгуулсан долоон алба хаагчийн нэг юм.

-Намайг Баяраагийн Мөнхсайхан гэдэг. Баянхонгор аймгийн Галуут суманд төрж, өссөн. Гурван хүүхэдтэй айлын дундах нь. Арван жилийн сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид цэргийн алба хааж ирээд багийн мөрөөдлөө биелүүлж, Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Тухайн үед буюу 2010 онд аврагч, гал сөнөөгч сонгон шалгаруулж авах зарын дагуу очиж, шалгаруулалтад тэнцсэнээр дадлагажих ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар одоогийн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад аврагч-гал сөнөөгчийн сургалтад хамрагдсанаар үндсэн ажилтан болсон.
.jpg)
-Энэ хугацаанд буюу 2015-2019 онд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэгт аврагч-усчин, 2020-2022 онд Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарт бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2022 оноос Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангид аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байна. Албанд үүрэг гүйцэтгэснээс хойш буюу 16 жилийн хугацаанд гамшиг осол, гал түймэр, үер, усны 220 гаруй удаагийн дуудлагаар ажиллаж, 1100 гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Булган аймгуудын зарим сумдад болон өөрийн аймгийн бүх сумын хэмжээнд хүрч, үүрэг гүйцэтгэсэн.
.jpg)
-Манай аймаг хангай, говь, тал хээр хосолсон онцлогтой бүс нутаг. Ой, хээрийн түймэр, үер, ган, зуд зэрэг бүхий л төрлийн гамшиг, ослын дуудлага бүртгэгддэг. Гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэхээс гадна гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх төрлөөр зохион байгуулж, иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэхэд алба хаагч бүр манлайлан оролцдог. Энэ ч үзүүлэлтээрээ Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2025 оны Онцгой байдлын байгууллагын “Тэргүүний газар”-аар шалгарсан. Нэг зорилгын төлөө үүрэг гүйцэтгэж байгаа тулах багана болсон хамт олондоо баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.

- Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд Монголын цэргийн багийн мотобуудлагын VI ээлжинд Онцгой байдлын байгууллагынхаа алба хаагчдын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах сэтгэл, итгэл, бусдын төлөө зүтгэдэг албаныхаа онцлогийг илүү ихээр мэдэрсэн. Хүн бүр бие биедээ хайртай байгаасай, нэг нэгнээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсмээр байна.

-Шагай харвааны спортоор хичээллэдэг. Энэ спорт тэсвэр тэвчээр, тайвшрал, төлөвшлийг өгдөг. Мөн ёс жаяг, ах зах, багийн ажиллагааг маш сайн төлөвшүүлдэг онцлогтой. Найман харваач нэг баг болдог. “Би” биш “бид” гэдэг зарчим энэ спортод ч, эрхэлж байгаа албанд ч адилхан гэдгээрээ давуу талтай. Онцгой байдлын газрын дэргэд алба хаагчдаас бүрдсэн шагайн харвааны баг байгуулагдаад 2 жил болж байна. Аймгийн наадамд II байр эзэлж, сумдын ойн тэмцээнүүдээс 10 гаруй удаа шагналт байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн.

-Манайх ам бүл гурвуулаа. Эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Ханийг минь Д.Чулуунцэцэг гэдэг. Хүү М.Анандбазар аймгийн Номгон ахлах сургуулийн VII ангийн сурагч. Албан үүргээ гүйцэтгэх хамгийн том итгэл, найдвар болж, үргэлж дэмждэг эхнэр, хүү, аав ээж, ах дүүсдээ талархал илэрхийлье. Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.

2026/01/21
Шинэ мэдээАжлын хэсгийн хурлыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Атташегийн орлогч, хошууч Дмитрий Леонтев нар ахалж, сургуулийн агуулга, хөтөлбөрийг бүс нутаг, орон нутгийн гамшгийн төрөл, эрсдэлт хүчин зүйл, нөхцөл байдал, онцлог, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулах юм.
2026/01/21
Онцгой байдлын цаг“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, UBS телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.
2026/01/21
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ