Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 3 суманд 7 мм, Орхон аймгийн 2 суманд 4 мм, Хөвсгөл аймгийн 2 суманд 4 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, +16...+18 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 13-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо дэлгүүрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 12:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 30х30 метрийн хэмжээтэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн 2х2 метр хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Жаргалант сум Буянт баг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 15:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
- Автозамын тээврийн осол: Өмнөговь аймаг, Ханбогд сум Жавхлант баг ачааны 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины бүхээг дотроо хавчуулагдсан тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 04:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход ачааны автомашины бүхээгт жолооч О /35 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Усны осол - Нуурын усанд осолдсон: Увс аймаг, Малчин сум Хайрхан багийн "Хар тэрмэс" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 135 км, сумын төвөөс баруун зүгт 65 км/с 09.07-ны өдрийн 20:30 цагийн орчим иргэн Х нь "Хяргас" нууранд хийлдэг гудастай хөвж байгаад усанд осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 09.08-ны өдрийн 07:00 цагаас иргэн Х /27 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 08:40 цагт нуурын эргээс урд зүгт 8 км-т “Загасны хошуу” гэдэг газраас хийлдэг гудастай хөвж явахад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/09/09
Шинэ мэдээХуралд оролцогчдын материалыг 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд хурлын эмхэтгэлийг цахимаар эрхлэн гаргаж, нийтийн хүртээл болгох юм.
2025/09/09
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/09/09
Шинэ мэдээАлба хаагчид эрэгтэйчүүдийн -68кг,-73кг,-85кг,-95кг,+95кг жинд, эмэгтэй -58кг,-68кг, +73кг -ийн ангилалд богино түлхэлт, урт түлхэлт, огцом түлхэлт гэсэн 3 төрлөөр оролцож, ийнхүү амжилт үзүүллээ.