Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн Засаг дарга, Онцгой комисс болон хөдөө аж ахуйн салбарын бусад албаныхантай цахимаар хуралдлаа.
Хуралдаанаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа баруун 5 аймаг, төвийн бүсийн зарим аймаг болон хадлангийн бүс болох зүүн гурван аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсож, тодорхой үүрэг чиглэл өглөө.

Баруун бүсийн нийт нутаг дэвсгэрийн 70-80 хувь нь гантай байгаа бөгөөд энэ жил 14.8 сая тоо толгой мал өвөлжих тооцоо гарсан. Баруун аймгууд өвс тэжээл импортоор худалдаж авах, хадлан тэжээл бэлтгэх тал дээр анхаарч, шаардлагатай зохицуулалт хийж байгааг мэдээлсэн юм.
Энэ жил улсын хэмжэээнд 62.4 сая тоо толгой мал өвөлжих бол отрын 9 бүсэд 653 мянган мал өвөлжих тооцоо судалгааг ХХААХҮЯ-аас гаргасан бөгөөд 2025-2026 оны өвөл, хавар хүндрэх эрсдэлтэй учраас малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг анхааруулж байна. Урьдчилсан байдлаар 10 сая гаруй тоо толгой мал зах зээлд борлуулж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортлох зохицуулалтыг хийж байгааг ХХААХҮ-ийн сайд мэдээллээ.

УОК-ын зүгээс мэргэжлийн байгууллагуудтай хамтран ган зудын эрсдэлийн үнэлгээг гарган зургаадугаар сараас эхлэн 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг анхааруулж, есдүгээр сарын 15 гэхэд өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймаг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон.

Тиймээс өнөөдөр өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудын мэдээллийг сонсож, цаашид бүс, орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дараах үүрэг чиглэлийг өглөө.
УОК, ХХААХҮЯ, аймаг, сум, багийн гээд бүх мэдээллээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах, малчид ард иргэдэд ган, зудын эрсдэлийн үнэлгээ, цаг агаарын мэдээллийг тогтмол өгч, өвөлдөө сайтар бэлдэхийг анхааруулах;
• Аймаг орон нутгууд, ОБЕГ, Хил гаалийн байгууллага гэх мэт холбогдох бүх шатны байгууллагатай хамтран импортын өвс тэжээлийг хил гаалиар оруулж ирэх зохицуулалтыг хийх, малчид, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх;
• Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж, шаардлагатай нөөц, бололцоогоо сайтар тооцоолох;
• Өвс, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлж, шаардлагатай зохион байгуулалтыг хийх;
• Цаг хүндрэх эрсдэлтэй бүс, аймаг, сумдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах;
• Отор нүүдлийн малын тоог цахим бүртгэлийн системд оруулан хяналт тавих, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, отор нүүдэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг даалгалаа.

2025/09/03
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/09/03
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/09/03
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.