Энэ жилийн Улсын баяр наадмын өдрүүдэд 10 хоног нийтээр амрах тов гарсан. Харин энэ өдрүүдэд иргэд үер усны ослоос өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах нь чухал байна. Учир нь жил бүрийн улсын баяр наадмын амралтын өдрүүдээр дунджаар 20 орчим иргэн усанд осолддог гэх тоо бий. Иймд бид Нийслэлийн аврах анги, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэстэй хамтран дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.
Манай улсад жилд дундажаар 97 хүн зөвхөн усны ослоор нас бардаг гэсэн харамсалтай тоо баримт бий. Мөн усны ослоор нас барсан иргэдийн 40 гаруй хувь нь зөвхөн долдугаар сард энддэг гэсэн статистик мэдээлэл байгаа бол усны ослоор нас барсан иргэдийн 90 хувь нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ усанд орж осолдсон гэх сэтгэлд сэрдхийлгэм мэдээллийг ОБЕГ-аас өгч байгаа юм. Тиймээс ч иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор онцгой байдлын алба хаагчид нийслэлийн есөн чиглэлд завьт болон хөдөлгөөнт эргүүлийг 15 дахь жилдээ ажиллуулж байна.

-УСНЫ ОСОЛ БОЛ ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ УЧИР ИРГЭД ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЁСТОЙ-
Нийслэлийн аврах анги бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Д.Батхангай “Нэг завьт эргүүлийн баг гурван аврагч, нэг жолооч, нэг бүлгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа тухайн баг иргэдэд санамж материал тараах, зохих хууль ёсны шаардлагыг иргэдэд тавих, голд хэт ойртсон тээврийн хэрэгслийг холдуулах, дуудлага мэдээлэлд хурдан хариу арга хэмжээ авах зэргийг гүйцэтгэдэг. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд иргэд хүүхдээ хараа хяналтгүй орхих, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь усанд осолдох шалтгаан болж байна. Мөн БНХАУ-аас авсан стандартын бус хийлдэг гудас, завийг хараа хяналтгүйгээр хүүхдүүдээр тоглуулаад орхидог. Ер нь усны осол бол хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал. Иймд иргэд өөртөө хайртай байж, хариуцлагатай байх ёстой. Мөн дуудлага мэдээлэл өгөхдөө хаяг байршлаа тодорхой, цаг хугацаа алдахгүй өгөх хэрэгтэй байна” гэв.
Энэ жил Нийслэлийн аврах анги, БЗД-ийн онцгой байдлын алба хаагчид усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, онцгой байдлын алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор БНСУ-ын Үндэсний аврах бригад 119 дүгээр ангитай хамтран дадлага сургуулийг хийжээ. Мөн БНСУ-ын онцгой байдлын алба хаагчид манай улсын онцгой байдлын алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайшааж байсан юм.

-УСНЫ ОСЛООС ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ-
НОБГ-ын БЗД-ийн олон нийтийн хэлтсийн ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Пүрэв-очир “Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд завьт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна. НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу есөн чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал ажиллана. Мөн энэ жилийн нэг онцлог бол алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор БНСУ-ын Үндэсний аврах бригад 119 дүгээр ангитай хамтран “Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургууль боллоо. Дадлага сургуульд Нийслэлийн аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, БНСУ-ын Үндэсний аврах бригад 119 дүгээр ангийн усчин аврагчид оролцсон. Жил бүр дулааны улиралд гол, усны ослоос иргэдийг урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахад аврагчдыг сургаж дадлагажуулах, мэдлэг чадварыг бататгах энэ төрлийн дадлага сургууль чухал ач холбогдолтой байдаг. Усны ослоос иргэн бүр өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломжтой” гэлээ.

Эх сурвалж:isee.mn
2025/07/10
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/07/10
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/07/10
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.