Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Говь-Алтай, Дархан, Орхон, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33…+38 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө их төлөв цэлмэг. Өдөртөө үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +10…+12 градус, бусад хэсгээр +17…+19 градус, өдөртөө +31…+33 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +29...+34 градус дулаан байна. 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн төв хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 12:03 цагт хүлээн авсан.  Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Hyundai Porter” автомашин, улсын дугааргүй ковш механизм, Ө-ын  “Audi A6” загварын суудлын автомашин бүрэн, 2 хашааны нийт 2 га талбайд шар өвс тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймаг, Замын-Үүд сум 1 дүгээр баг дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 08:48  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 17 дугаар ангийн алба хааагчдыг очиход иргэн Б-ийн 8х12 метрийн хэмжээтэй 2 давхар өргөтгөлийн 8х3 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг хайрагдаж, тус барилгатай залгаа түрээсийн байрны 2х2 метрийн хэмжээтэй үүдний хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 13:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хааагчдыг очиход иргэн Б-ийн 6х9 метрийн хэмжээтэй байшингийн хойд талын хана, дээврийн хэсэг, 9 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум Нисэх багийн 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 06:00 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчддыг очиход иргэн Г-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймаг, Мандал сум  1 дүгээр багийн “Гахайтын голын эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт 40 км/  Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 18:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчид, Мандал сумын  байгаль хамгаалагч, орон нутгийн мод бэлтгэлийн “Хандгайн нуур” ХХК-ийн ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.22-ны өдрийн 12:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Төв аймаг, Эрдэнэ сумын Баянтуул багийн “Тэргийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 212 км, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км, Батсүмбэр сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/с “www.firms.modaps.eosdis.nasa.gov” болон “www.icc.mn” сайтад түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.19-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан  Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан  алба хаагчид, Үндэсний аврах бригад, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын  нийт 63 хүн, 2 автомашин, 4 морьтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ Ойн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, дэд хурандаа Э.Мөнхбаатараар ахлуулсан алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нийт 40 хүн, 9 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дэлгэрхаан багийн “Шаамар 3” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 17 км орчим, сумын төвөөс зүүн зүгт 10 км/ Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын ГХУХ-ын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан 36 дугаар анги, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Эрэн хайх, аврах анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Шаамар сумын Мэргэжлийн анги, Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан, Тужийн нарсны байгалийн  цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нийт 78 хүн, 12 автомашин, 1 мотоциклтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Хөвсгөл аймаг, Цагааннуур сум 2 дугаар багийн “Урд Агяа тайга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 337 км, сумын төвөөс баруун хойд зүгт 57 км/ “Firms.modaps.eosdis.nasa.gov” сайтад түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.22-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан Мэргэжлийн ангийнхан,  аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: 

Үер - Уруйн үер: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум Баянхайрхан, Баяншанд, Харзат баг 06.22-ны өдрийн 18:45-19:50 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас айл өрхүүд үерийн усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид  нийт 13 өрхийн 13 гэр, 9 хашаа, 1 аж ахуй нэгж, байгууллагын барилга үерийн усанд автсан байсныг  25 метр шуудуу татаж үерийн усны урсгалыг өөрчлөх, далан шуудууг нээх ажлыг зохион байгуулан ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ