Тууштай, үнэнч зан эзнээ ивээлдээ багтааж, ажил, амьдралын тэгш хэмийг бий болгодог. Хичээсэн бүхэн нь он цагийн эрхээр тодорч, олондоо хүндлэгдэж, бас өөрийн мөн чанарыг тэр хэрээр бий болгосон байдаг нь цагийн урсгал мэт. Хүн бүрийн ажил, амьдралын замнал адилгүй ч сайхан амьдрахын төлөөх зорилго нэг ч байж болно. Ийнхүү бидний нэгэн төлөөлөл НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Батсайханы Батжаргалыг энэ удаагийн nematimes булан танилцуулж байна.
-Миний бие Б.Батсайхан Улаанбаатар хотын унаган хүүхэд. 2005 онд “Онон” ахлах сургуулийг төгсөөд намар нь Онцгой байдлын байгууллагын ууган анги, 100 жилийн түүхт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн. Үүнээс хойш хоёргүй сэтгэлээр албандаа 20 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Тухайн үед Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар, Иргэний хамгаалалтын газар нэгдэж, орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдаж байсан он цаг. Ээжийн ах, дүү нар Галын байгууллагад ажилладаг, гэрт ирэх бүртээ л намайг ирээдүйн гал сөнөөгч гэдэг байсан тэр үг энэ албанд орох тулгуур болж байлаа.

-Шинэхэн гал сөнөөгч 4 номер дээр томилогдож, ах нарынхаа заавраар багаж хэрэгслээ зөөж, цэвэрлэж, түүнийгээ ашиглаж сурахаас л эхэлж байлаа. Жилээс жилд үүрэг гүйцэтгэх номерын тоо өөрчлөгдөж, нэг л мэдэхэд өөрөө тэд нарынхаа насан дээр ирсэн байна. Дуудлагаас дуудлагад туршлагажиж, бусдадаа заадаг, хэлдэг үе ирж, алба маань ч бэхжиж, өөрчлөгдөж байна. Анх ах нарынхаа хуучин ногоон хувцаснаас өмсдөг байсан үе ард хоцорч, аврагч бүр өөр, өөрийн гэсэн иж бүрэн хувцас хэрэглэлтэй, техник, тоног төхөөрөмжийн хангалт жилээс жилд олон улсын жишигт хүрч байгаад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчийн хувьд сэтгэл тэнүүн явдаг.
-Нийслэлийн хэмжээний ой, хээрийн түймэр, гол, усны осол, үерийн дуудлага гээд бүх төрлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн их тохиолддог нь обьектын буюу ахуйн хүрээний түймэр. Дуудлагагүй өдөр гэж бараг байдаггүй. Бөмбөгөр, САПУ худалдааны төв, МАХН-ын байр, Нарантуул худалдааны төв, Их дэлгүүр гээд томоохон хэмжээний бүхий л дуудлагад үүрэг гүйцэтгэхэд гар бие оролцсон. Зөвхөн аврах ажиллагаанд оролцохоос гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг ч хэрэгжүүлдэг. Зундаа гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд туул гол дагуу эргүүлд гарч, иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч ажилладаг.

-Бүх зүйлд чин сэтгэлээрээ ханддаг, бусдад тусалдаг, хийсэн ажлаа чадварлагаар гүйцэтгэдэг нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцлог гэж боддог. Тийм байхаас ч өөр аргагүй. Бусдын аюулгүй байдлыг хамгаалж байдаг хүмүүс. Гэхдээ тийм байлаа гээд адилхан л хүн шүү дээ. Алба, ажлыг минь дэмжиж, ойлгодог хүн бүрт баярлалаа гэж хэлмээр байна.

-Гадаад, дотоодын хуучны болон орчин үеийн мөнгөн дэвсгэртүүд, зоосон мөнгөнүүд, Монгол шуудангийн марк, өнгөт чулуунууд, хөөрөгнүүд цуглуулах хоббитой. Ажлаасаа бусдын төлөөх сайн сайхан байдлыг харж, амьдралын утга учрыг мэдэрдэг бол хоббигоороо түүнийг тордож, өөрийн гэсэн орон зайг мэдэрдэг. Харин гэр бүлээсээ хүн болж төрсний мөн чанарыг олж хардаг даа. Манайх ам бүл зургуулаа. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Манай гэр бүлийн хүнийг Н.Мандахцэцэг гэдэг. Үсчин мэргэжилтэй. Итгэл, найдвар, ар талын минь бат бөх багана болсон ханьдаа хайртай шүү.

-Ардын хувьсгалын 99, 100, 101 жилийн ой, Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Онцгой байдлын байгууллагынхаа эрэгтэй хайрцагт багтан, алхсан. Амьдралын өнгө, аз жаргал, амжилт гээд бүхий зүйл минь байдаг Онцгой байдлын байгууллага бол миний бахархал. Нэгэн зорилго, үүргийн төлөө хамтран ажиллладаг алба хаагч та бүхэн бол энэ цаг үеийн хамгийн бахархам хүмүүс гэж хэлмээр байна. Ингээд Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой удахгүй болохтой холбогдуулан үе, үеийн удирдлага, ажилтан, алба хаагч та бүхэндээ ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2025/06/25
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/06/25
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/06/25
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.