Б.Нарантуяа
Монгол Улсын хувьд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хаврын улиралд хуурайшилт их үүнийг дагаад ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байдаг. Ялангуяа ой хээрийн түймрийн 60 гаруй хувь нь 4, 5 дугаар сард гардаг. Энэ он гарснаар улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум, нийслэлийн хоёр дүүрэгт 80 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн байна.
Урьдчилсан байдлаар 26800 га ойн талбай, 701 мянга орчим хээрийн талбай өртсөн. Түймрийн нөхцөл байдлаас шалтгаалан урьдчилсан байдлаар 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Монгол Улсын нийт нутгийн 55.3 хувь нь ой, хээрийн түймэр гарч болзошгүй бүсэд тооцогддог байна. Ой, хээр бүхий нутгийн 98.5 хувь нь гал түймрийн эрсдэлийн 1 ба 2 дугаар ангилалд багтдаг аж.
Сүүлийн таван жилийн хугацаанд нийт 600 гаруй удаагийн ой, хээрийн түймэр гарч үүнд 44.2 сая га талбай өртөж, 160 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирж байжээ.
Ой, хээрийн түймэрт өртсөн талбай хохирлыг оноор нь авч үзвэл,
2020 онд гэхэд ой, хээрийн гал түймэр нийслэл болон 15 аймгийн 74 суманд нийт 147 удаа ой, хээрийн түймэр гарсан байна. Үүнд 9550 орчим га ой, 234,762 га хээр нийт 245,311 га талбай түймэрт өртсөн байна. Ингэснээр гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байгаа юм.
Тэгвэл 2021 оны тавдугаар сард долоон аймгийн 15 суманд 65 удаагийн, ой хээрийн түймэр гарч үүнд 81,500 орчим га талбай өртөж 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
2022 онд 16 аймгийн 74 суманд 174, нийслэлийн дөрвөн дүүрэгт тав нийт 179 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж ойн 16,400 орчим га талбай өртсөн бол хээрийн 116,600 гаруй га талбай тус тус өртжээ. Үүнд 2.8 тэрбум төгрөгийн хохирол учиржээ.
Тэгвэл 2023 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 93 удаагийн ой хээрийн түймэр гарч, 580 гаруй га талбай гал түймэрт өртсөн байна.

Өнгөрсөн онд гэхэд 21 аймгийн 55 суманд 137 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна.
Сүүлийн дөрвөн жилд гарсан гал түймрийн тэн хагас нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт бүртгэгдсэн байна.
Ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь ил задгай гаргасан, дутуу унтраасан гал, тамхи гэх мэт иргэдийн буруутай үйлдлээс болдог байна. Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн 24.7-д их хэмжээний буюу 50 сая төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэлх хорих ял онооно. Харин ой хээрийн түймрийг санаатай тавьсан тохиолдолд хохирол тооцохгүйгээр тухайн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн тооцдог байна.
Нийгэмд учирсан хор хохирлоор Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээрт зааснаар галын аюулгүй байдлыг хангаагүй бол нөхөн төлбөр төлүүлж иргэнийг 100 мянган төгрөг, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай ажээ.
Түймэрт өртсөн ой мод, хөрс, экосистем дахиж хэзээ ч өмнөх шигээ нөхөн сэргэдэггүй юм байна. Тэнд өөр экосистем бүрэлддэг гэхдээ ингэж өөр эко систем бий болоход хагас жаран шаардлагатай гэж үздэг байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн тооцоо, судалгаа бий. Ойн түймэр гарсаар байвал дулаарал, халалт, уурь амьсгалын өөрчлөлт нэмэгдсээр байх болно. Тиймээс түймрийн эрсдэл өндөртэй энэ цаг үед иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль дэлхийгээ хамгаалахыг сануулъя.
Эх сурвалж:https://news.mn/r/2800164/
2025/05/09
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/05/09
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/05/09
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.