Ч.Бямбахажид
Монголчууд эрт дээр үеэс байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн ард түмэн. Тэр ч утгаараа “байгаль ээж” хэмээн эх дэлхийдээ сүсэлдэг. Гэвч өнөөдөр хүний санаатай болон санамсаргүй үйлдэл, хариуцлагагүй байдлын улмаас бид байгаль ээждээ хүндхэн хариуг барьсаар байна. Үүний нэг илрэл нь “Ой хээрийн түймэр” юм. “Манай гэрийн арын ойгоос утаа суунаглаж эхэлсэн. Удалгүй түймэр эрчээ авч, бид гэрээ орхин зугтаахаас өөр аргагүйд хүрч, өмссөн хувцастайгаа л үлдсэн” гэж нэгэн аймгийн малчин ярьсан. Ой хээрийн түймэр энэ мэтээр байгаль эх, хүний эд хөрөнгө, сэтгэл санаа гээд бүхий л хүчин зүйлсэд аюултай нөлөө үзүүлдэг.
Цас ханзарч, урь орж гэмээн бид баярладаг ч хаврын хавсарга салхи, хуурайшсан газрын хөрс нь ой хээрийн түймэр дэгдэх нөхцлийг улам бүрдүүлдэг. Ийн хэн нэгний татсан тамхиныхаа ишийг сайтар унтраалгүй хаясан гэнэгүй үйлдлээс болж эвэршиж, хуурайшсан газарт яах ийхийн зуургүй гал дүрэлздэг. Нэгэнт авалцсан гал ой, хээрийг тэр чигт нь бүрхэж, “амьд бүхнийг залгих” аюул болон хувирна.
“Түймэрт нэрвэгдэн, ургах чадвараа алдсан ой 1.376.664 га талбайг эзэлж байна”
.jpg)
Манай улсын хувьд гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-нийг хүртэлх хугацаанд ид “Хуурайшилтын үе” тохиодог. Монгол Улсад тохиолдсон ой хээрийн түймрийн 24.7 хувь нь дөрөвдүгээр сард бүртгэгдсэн байдаг байна. Энэ үед Монгол орны экосистемийг хөнөөн сүйтгэж буй хамгийн ноцтой асуудлуудын нэг болох ой, хээрийн түймрийн оргил үе ирдэг. Өөрөөр хэлбэл, ой, хээрийн түймэр нь нөхөж баршгүй гамшгийг бий болгож байгаа тул “Нийгэм, асуудал” буландаа хөндөх гол шалтгаан болсон юм.
Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн (2015-2024) хугацаанд 1535 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Түймрийн улмаас зургаан иргэн амь насаа алдаж, 27 хүн түлэгдэж гэмтэн, 17.3 сая га талбай шатаж, 22.9 мянган мал хорогдож, 196 гэр, байшин шатаж, 237.8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.
Дээрх бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрийн 996 буюу 65 хувь нь хээрийн түймэр, 417 буюу 27 хувь нь ойн түймэр, 120 буюу найман хувь нь ойн болон хээрийн талбай аль аль нь шатсан бол хоёр тохиолдол нь нуурын эргийн зэгс шатсан гэх мэдээлэл байгаа юм. Ой, хээрийн гал түймрийн аюулыг арилгахад Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 72.964 алба хаагч 11.201 автомашинтайгаар ажилласан байна.
Тэгвэл Монгол орны ойн сан нь нутгийн хойд хэсэгт тархсан шилмүүст навчит ой, нутгийн өмнө талын говь цөлийн бүсэд тархсан заган ойгоос бүрддэг. Байгаль, Сибирийн их тайга Төв Азийн торгон хэсэгт оршиж, уур амьсгалын эрс тэс нөхцөлд ургадаг манай орны ой байгалийн жамаар нөхөн сэргээгдэх чадавх нэн хязгаарлагдмал бөгөөд ойн түймэр, хөнөөлт шавж, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд амархан өртдөг эмзэг экосистем юм.
Түүнчлэн нийт ойгоор бүртгэгдээгүй талбайн хувьд түймэрт нэрвэгдэн, ургах чадвараа алдсан 1.376.664 га талбайг эзэлж байна. Тэгэхээр энэ хэмжээний байгалийн онгон, дагшин байдал нь хүний буруутай үйл ажиллагаа болон байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэн үгүй болж байна.
Мөн Монгол Улсын нийт нутгийн 55.3 хувь нь ой, хээрийн түймэр гарч болзошгүй бүсэд тооцогддог байна. Ой, хээр бүхий нутгийн 98.5 хувь нь гал түймрийн эрсдэлийн нэг болон хоёрдугаар ангилалд багтдаг аж.
Үргэлжлэлийг http://zuuniimedee.mn сайтаас
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 77 (7574)
2025/04/25
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/04/25
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/04/25
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.