Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Увс, Хөвсгөл аймгуудын нийт нутгаар шороогоор шуурсан, Дорнод, Хэнтий аймгуудад цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, секундэд 7-12 метр, нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг бага зэргийн бороо орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр, 24-нд тал, хээрийн нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 23, 26-нд нутгийн зүүн хагаст, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.
Гал түймэр:
Баянгол дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай 2 гэр, 12х6 метрийн хэмжээтэй гараашын дээвэр, 9 метр хашаа тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн тус ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12:41 цагт ангиас гарч 12:47 цагт очиж 10 минут ажилласан.
Ховд аймгийн Булган сумын Далт багийн "Баазын лагер" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 400 км-т, сумын төвөөс баруун зүгт 1.2 км-т/ хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М хашааныхаа шар өвсийг шатааж байгаад гал алдсанаас 30 метрийн урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т, сумын төвд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас 56 км-т/ байшин шатаж хажуугийн байшин луу тархан шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Э /5 настай, эмэгтэй/, Б /4 настай, эмэгтэй/, Г /2 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан.
Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 13:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 5 метр хашаа, хураалттай их хэмжээний цаасан хайрцаг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 2 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 15:58 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд 7 буудлын арын уулын энгэрт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал бураан-Эхэн” гэдэг газар /аймгийн төвөөс 418 км-т, сумын төвөөс 18 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 10х15 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж бүрэн, 80х10 метрийн хэмжээтэй өтөг, бууц шатаж байсныг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Билгэх багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 21:02 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 5 дугаар хороонд мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 21:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй "Dayun" загварын мотоцикл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 00:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Subaru forester” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 03:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 9х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн "Бургастай" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 148 км-т, сумын төвөөс хойд зүгт 65 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтараахаар ажиллаж 15:49 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 1.5 га талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн "Шоргоолж" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 168 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 15:36 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг 18:17 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 6 га талбай өртөж шатсан.
2025/04/22
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2025/04/22
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/04/22
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ