Б.Хүрэлтогоо:Төсөөлсөн бүхнээ амжилт болгон бүтээхийн төлөө өөрийгөө зоригжуулж, хичээж байна

A- A A+

Хүсэл мөрөөдөлд хязгаар гэж байдаггүйн адилаар хичээл зүтгэлийн үр шимд хязгаарлалт гэж байдаггүй. Өөрийн зорьж, тэмүүлж байгаа бүхэндээ цаг зарцуулдаг, түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг хэн бүхэнд боломж үргэлж хаалгаа нээлттэй үлдээдэг. Залуу хүний зорилго том, урт байх тусам ажил, амьдралын мөн чанар насан туршийн хүмүүжил болдог гэж ойлгодог. Ийм л үлгэр дууриаллыг бий болгохын төлөө үеийн залуусаа манлайлан, өөрийгөө үргэлж дайчилдаг олон залуусын төлөөлөл дэслэгч Б.Хүрэлтогоог nematimes булан энэ удаад онцоллоо. Тэрбээр НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажиллаж байна. Хүй долоо худгийн хурдан “Хүрлээ” хэмээн алба нэгт залуусын дунд нэрлэгдэж, түүний хурд, хүч, авхаалж самбааг нь магтан шагшиж байсныг дурдахад таатай байна.

     - Миний бие Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрж, өссөн. Дөрвөн хүүхэдтэй айлын хоёрдахь нь. 2007-2010 онд Архангай аймгийн Математикийн гүнзгийрүүлсэн сургууль, 2010-2018 онд Эрдэнбулган сумын III арван жилийн сургуулийг төгсөж, 2018-2022 онд ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба мэргэжил эзэмшсэн. Бага байхдаа нагац ахыгаа дагаж ажил дээр /Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги / нь очдог байлаа. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид “баатар” шиг л  харагддаг байсан. Гал унтраах тоног төхөөрөмж нь хүртэл “сонирхолтой” санагддаг байсан учраас есдүгээр ангиасаа эхлэн энэ албанд орохыг мөрөөддөг болсон.

     -Сургуулиа төгсөөд Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангид салааны захирагчаар ажлын гараагаа эхлүүлж, 2023-2024 онд аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, 2024 оноос НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэст Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар томилогдон ажиллаж байна. Баянгол дүүргийн хэмжээнд 22000 мянга гаруй ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Нийтлэг зөрчлийн хувьд үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, ашиглаж байгаа барилга байгууламжийн онцлог, үйл ажиллагаа, баригдсан огноо, материал зэргээс шалтгаалаад өөр, өөрийн гэсэн онцлогтой.

     -Онцгой байдлын байгууллага бол эр зориг, ур чадвар, хурд хүч, тэсвэр хатуужлын алба. Мөн цаг хугацаатай уралддаг, алдах эрхгүй, шантрах зориггүй  учраас өөрийгөө үргэлж дайчилдаг, суралцдаг байх ёстой гэж боддог. Үүний салшгүй нэг хэсэг нь бие бялдрын өв тэгш байдал. Тийм ч учраас олон төрлийн спортоор хичээллэдэг надад маш том давуу тал болдог. Миний хувьд IV  ангиасаа  эхлэн хөлбөмбөгөөр хичээллэж байна. Мөн практик буудлага, марафон, хутга шидэлт, гал унтраах техникийн олон төрөлт спорт, сагсан бөмбөг, гар бөмбөг гээд бүхий л спортод суралцаж, уралдаан, тэмцээнүүдэд тогтмол оролцдог.

     -Онцгой байдлын байгууллагад орсноос хойш буюу 2021 оноос нийслэлийн хүрээний болон төрийн цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулагддаг томоохон тэмцээнүүдэд оролцож, амжилтаа ахиулж байна. 2021 оны нийслэлийн аварга шалгаруулах ур чадварын тэмцээнээс хүрэл, 2022 оны Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн “Шилдэг сонсогч”,  2023, 2024 оны Архангай аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Марш тактик тусгай бэлтгэл”ийн тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж,, шилдэг офицероор шалгарсан бол мөн оны аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын буудлагын тэмцээнээс мөнгө, 2023 оны Онцгой байдлын байгууллагын “Шилдэг залуу офицер” шалгаруулах тэмцээнд тусгай байрыг эзэлсэн. Мөн  2023 онд Онцгой байдлын байгууллагын 5 төрөлт тэмцээний “Хүчний цогцолбор” тэмцээнд тэргүүлж,  “Буухиа” тэмцээнээс мөнгөн медалийг хүртэж, 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш тактик тусгай бэлтгэл”-ийн тэмцээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нэг болон оролцож, хүрэл медалийн эзэн болсон.  Нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Марш, тусгай бэлтгэл-2025” тэмцээний хурандаа Ч.Намсрайжав агсны нэрэмжит “Супер офицер” шалгаруулах төрөлд тэргүүн байрыг эзэлсэн байна. 

-Спорт хүнд тэсвэр хатуужил, өөртөө итгэх итгэл, багаар ажиллах чадвар, өөрийгөө нээх, бие бялдараа хөгжүүлэх, сэтгэлзүйгээ бэлтгэх гээд маш олон чадварыг “өгдөг”.  Дуу сонсох, аялах, байгалийн болон амьтдын зураг авах хоббитой.  Энэ нь тайван бас амар, амгаланг мэдрүүлдэг.  Мөн сонирхолтой баримтат ном, баримтад суурилсан мэдээ, мэдээлэл унших дуртай.  Анх эхэлсэн цэгээ, хэн байснаа марталгүйгээр ирээдүйгээ төсөөлж, төсөөлсөн бүхнээ амжилт болгон бүтээхийн төлөө өөрийгөө зоригжуулж, хичээж байна. Мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.