Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдын 30 айлын орон сууцны барилга ашиглалтад орлоо

A- A A+

Засгийн газраас хэрэгжүүлж буй түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тусгай хөтөлбөрт шат дараатай хамруулах, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр 2025-2028”-ийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн 12 дугаар сард Шадар сайдаар батлуулсан. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр төв, орон нутагт нийт 900 алба хаагчийн амьдрах орчин, нөхцөл сайжрах юм. 

Өнөөдөр “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Онцгой байдлын хэлтсийн 30 айлын орон сууцны барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян энэхүү барилгын нээлтийн үйл ажиллагаанд оролцож алба хаагчдад орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн юм. Тэрээр  “Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр томоохон бодлогын арга хэмжээ авч ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд аймаг, орон нутаг, нийслэлийн хэмжээнд 460 гаруй алба хаагчийг төсөл хөтөлбөрт хамруулж, өөрийн гэсэн орон сууцтай болгосон. Өнөөдөр Монгол Улсын Шадар сайдын санаачлан баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр 2025-2028”-ийн салхийг хагалж, шанг нь татаж үүд хаалгаа нээж байгаад сэтгэл өндөр байна. Өргөө цагаан гэр нь та бүгдийн амьдралын сайхан дурсамжийг бүтээх нэгэн хэсэг байж, аз жаргалтай амьдрахын ерөөлийг өргөе” гэлээ.

 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид энэхүү 30 айлын орон сууцанд зах зээлийн үнээс 40 хувийн хямдралтай үнээр, мөн ипотекийн зээлд хамрагдах нөхцөлтэйгээр орж байгаа юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.