ГТУА-27 дугаар ангийн тогооч Л.Баярмаа: Манай алба сайхан шүү. Гэхдээ жинхэнэ залуу насны эр зориг, эрч хүчээр хашдаг алба

A- A A+

Жилийн дөрвөн улирал ээлжлэн, цаг хугацаа улиран өнгөрч нэг л замаар ажилдаа яаран явсаар аль хэдийнэ 10 жилийг ардаа орхисон байна. Түүнийг Лүндэндоржийн Баярмаа гэдэг. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангид тогооч. Тогоочийн мэргэжил бол дэлхийд хамгийн эрэлттэй, хамгийн эртний мэргэжилд тооцогддог гэдэг. Энэхүү эртний мэргэжлийн эзэн түүнийг амтыг урлаж, аз жаргалыг бүтээгч гэж нэрлэж болох юм. Тийм ч учраас энэ удаагийн “Nematimes” буландаа түүнийг онцоллоо.

Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд найман хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд болон төрсөн. Ихээхэн дэггүй, адтай охин байсан гэж аав, ээж маань дурсдаг юм. Одоо бол нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна. Ханийг минь Ш.Нэргүй гэдэг. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг. Хань минь энэ сайхан албанд гал сөнөөгчөөс эхлэн дэд хурандаа болтлоо 29 дэх жилдээ ажиллаж байна. Том охин маань Япон Улсад сурч байгаа бол удаах хүү аавынхаа мэргэжлийг өвлөхөөр ОХУ-ын Гал эсэргүүцэх академид суралцаж байгаа. Хоёр бага маань Мөрөн сумандаа цэцэрлэг, сургуульд сурч байна даа.

Янз бүрийн хоол зохиож, туршиж хийж үзэх нь надад сонирхолтой санагддаг байлаа. Тэгээд 1998 онд Монгол Улсын мастер тогооч Д.Амгалангийн шавь болсноор тогооч мэргэжилтэй болсон. Тухайн үедээ Мөрөн сумандаа алдартай “Жаргалан” ресторанд гурван жил тогоочоор ажилласан нь нийтийн хоолны тогооч болох ур чадвар эзэмшиж, туршлага суухад минь ихээхэн тус болсон гэж боддог. Би мөн мэргэжлээрээ ажиллахаас гадна үндэсний дээл хувцас урлах дуртай. Тийм болохоор Улсын их баяр наадам, Цагаан сараар гэр бүл, ойр дотнын хүмүүсээ өөрийн оёсон дээлээрээ гангалах дуртай.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт 2015 онд тогоочоор ажилд орж, одоо 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд алба хаагч нартаа амт чанар сайтай, олон нэр төрлийн хоол ундаар үйлчлэх гэж чармайн ажилласан. Хамт олноосоо талархлын үг сонсох хамгийн том, хамгийн сайхан шагнал байдаг. Ажлын үр дүнг маань үнэлж 2022 оны байгууллагын “Аврага ажилтан”, 2024 онд аймгийн “Тэргүүний ажилтан”, 2023 оны Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух” бичгээр шагнаж байсан.

Онцгой байдлын албаар би үргэлж бахархаж явдаг. Алба хаагч залуус маань хоолоо ч идэж амжилгүй гамшиг, ослын дуудлагаар явах үе гарна. Дуудлагаас ирэхэд нь хоол цайг нь халуун байлгах гэж хичээнэ. Залуус маань гаднаас шуугилдсаар, бөөн хиншүү, хярвас үнэртүүлсээр орж ирдэг юм. Тэгэхдээ гал түймрээ бүрэн унтрааж, ажиллагаа нь амжилттай дууссан бол нэг нэгээрээ наргиан тохуу хийх мэтээр хөгжил хөөртэй сууна. Жаахан тоогүй, хохирол гарзтай дуудлагаар ажилласан үедээ дуу нь ч гарахгүй. Тийм үед нь үг хэлэх зориг хүрдэггүй юм. Өөрийн эрхгүй өрөвдөж, хайрлах сэтгэл төрдөг дөө. Тэгээд байнга бахархдаг. Манай алба сайхан шүү. Гэхдээ жинхэнэ залуу насны эр зориг, эрч хүчээр хашдаг алба юм шиг санагддаг.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.